Монгол залуус Австралид ажиллангаа аялах, суралцах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-03-31 15:22:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газрын Ажиллах болон амрах визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Австралийн Парламентын ордонд болов.


Санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Засгийн газрыг төлөөлж Австралийн Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук нар гарын үсэг зурав.


Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёлын солилцоог дэмжих, залуусын суралцах, хөгжих хүсэл сонирхол, тэмүүллийг дэмжих зорилготой энэхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын 18-30 насны 100 иргэн энэ оны 7 дугаар сарын 1-нээс Австралид 1 жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна.


Ёслолын үеэр Австралийн Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук, “Австралид оршин суугаа монгол иргэдийн тоо бусад оронтой харьцуулахад цөөн. Гэхдээ  манай нийгэмд бодитой хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна. Энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэдийн харилцан ойлголцол бэхжиж, олон монгол залуу Австралид ирж ажиллангаа аялах, суралцах боломжийг нээж байгаад нэн баяртай байна” гэв.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн энэхүү баримт бичиг өнөөдөр бодит ажил хэрэг болж буйд баяртай байна. Монгол, Австралийн залуусын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон үндэстнээс бүрдсэн Австралийн нийгэм, соёлд өнгө нэмж, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус манай улсад аялж, ажиллан Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ