Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-24 12:44:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Тэрбээр, "Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдсан байдаг. Коронавируст цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсрууллаа" хэмээн танилцуулав.


Хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр төсөлд тусгажээ.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.


Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй гэлээ. 


Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа, Н.Учрал, Н.Наранбаатар, Б.Энхбаяр, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авлаа.



Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Төлөвлөгөөт шалгалтыг зогсоосноор, салбар бүрд ямар эрсдэл гарах тухай тооцоо байгаа эсэхийг тодруулав. Тухайлбал, оны өмнөхөн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд орон сууцны лифт унаж хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсныг дурдав. Тиймээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоосноор чанар, стандартыг мөрдөх байдал сулрах эрсдэлтэйг санууллаа. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан мөрдөх стандартыг батлах шаардлагатайг учирлав.


Төсөл санаачлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлснийг тодотгов. Шинэ сэргэлтийн бодлогын гол агуулга нь хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлж, зөвшөөрөл, лиценз, хяналт, шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжийг дарамталдаг байдлыг зогсоох гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоохоор хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэлээ.

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар, иргэн, аж ахуйн нэгжүүд гомдол мэдүүлж шалгуулах, чанар, стандартыг сахиулах, түүнээс учирсан хохиролд хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин хэвээр байгааг тайлбарлав.

Гэхдээ төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоосноор, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний чанар, стандарт сулрах эрсдэл байгааг дурдав. Тиймээс эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт, шалгалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэлээ.


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, коронавируст халдварын улмаас аж ахуйн нэгжүүдийн 70-80 хувь нь орлого нь багассаныг тэмдэглээд, хуулийн төслөөр мэргэжлийн тусламж үзүүлж, давхардуулж хянаж шалгадаг, хааж боодог тогтолцоог байхгүй болгож байгааг сайшаав. Тэрбээр, хуулийн төсөлд ямар салбарын хяналт шалгалтыг аль салбарт гурван жилээр зогсоож байгаа талаар тодрууллаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр мэргэжлийн зөвлөн туслах боломжийг хуулиар нээвэл илүү үр дүнтэйг тодотгов. 



Төслийн ажлын багийн гишүүн, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, хуулийн төсөлд, мэргэжлийн хяналтын байгууллага, түүний харьяа орон нутгийн байгууллага, тус байгууллагаас байцаагчийн эрх авдаг 16 байгууллагын зарим хяналт, шалгалтыг зогсоож буйг хариултаа онцлов. Ингэхдээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөвлөгөөт хяналт, шалгалт хэвээр үргэлжилнэ гэдгийг тодотгов. Харин гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг иргэн, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээллийн дагуу явуулна гэлээ. 


Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын ажил зогсоно гэсэн ойлголт байхгүйг учирлаад, "Манай төлөвлөгөөт хяналт шалгалт нийт ажлын 30 хувийг эзэлдэг байсан. Тэгвэл хууль баталснаар, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаа үргэлжлүүлнэ, мөн урьдчилан сэргийлэх, тандан судлах, зөвлөн туслах ажлаа илүү эрчимтэй хэрэгжүүлнэ" хэмээн хариулав. 

Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны байдлаар, 210 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 160 мянга нь эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнээд, төлөвлөгөөт хяналт шалгалтыг 9900 гаруйд нь хийсэн байна.


Төрийн давхардсан хяналт шалтгалт их байгаа тул гурван жилийн хугацаанд бизнес эрхлэгчиддээ боломж олгож итгэл үзүүлье гэсэн чиглэл баримталж буйг тодотгов. Тухайлбал, барилгын салбарт захиалагчийн хяналт, аж ахуйн нэгжүүдэд дотоод хяналт шалгалт гэж байдаг. Үүнд төрийн мэргэжлийн байгууллага зөвлөн тусалдаг байх тогтолцоонд шилжих чиглэл үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэдгийг тайлбарлалаа.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад нэмж хариулахдаа, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг тэмдэглээд, "Зөрчлийн тухай хуулийн 91 төрлийн бүлэг зөрчилд сануулдаг, зөвлөдөг чиг үүрэг орж ирж байгаа. Тухайлбал, галын улсын байцаагч аж ахуйн нэгжид илэрсэн зөрчилд 10 хоногийн хугацаатай даалгавар өгнө. Тэр зөрчлөө хугацаандаа арилгаагүй бол зөрчлийн хэрэг нээж торгодог, шийтгэдэг байх уян хатан тогтолцоог бий болгоноо" хэмээлээ. 



УИХ-ын гишүүн С.Чинзориг, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд, Байнгын хорооны хуралдаанд нухацтай хэлэлцэж, боловсронгуй болгох шаардлагатай гэсэн санал хэлэв. Тэрбээр, "Үндсэн хуулийн суурь зарчимд иргэн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гэж заасан.

Энэ хууль батлагдсанаар, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амь нас баталгаатай байх суурь зарчим алдагдах вий гэсэн болгоомжлол байна.

Нэг талдаа бизнес эрхлэгчдээ дэмжих нь зүй. Гэхдээ нөгөө талдаа иргэдийн хөдөлмөр эрхлэх аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар стандарттай холбоотой технологийн хяналтыг эзэнгүй хаяж болохгүй. Иргэний амь нас болон байгальд хохирол учирсны дараа хяналт шалгалт хийх юм уу, түүнийх нь дараа зөвлөн туслах юм уу. Осол аваар гарахаас урьдчилж зөвлөн туслах технологийн шалгалтыг хийдэг байх ёстой. Тиймээс энэ асуудлыг нухацтай ярилцах шаардлагатай" хэмээсэн юм. 



УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Төлөвлөгөөт хяналт шалгалт нь бизнесийнхэнд харин ч дарамт бага. Төлөвлөгөөт хяналт шалгалт явуулснаар, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цэгцэлж, зөвлөн туслах үйлчилгээ авдаг. Харин хамгийн дарамттай нь, иргэний гомдол, мэдээллээр тал талаас нь шалгалт орж ирдэг байдал юм. Хэрэв төлөвлөгөөт хяналт шалгалтыг бүрмөсөн байхгүй болговол хүнд байдалд орно. Тухайн аж ахуйн нэгж хариуцлагаа хуулиар хүлээх нь тодорхой ч төр давхар хариуцлага хүлээх болно. Учир нь ийм эрсдэлтэйг нь мэдсээр байж гурван жил эрсдэлээс сэргийлэх ажлаа төр хийгээгүйгээс иргэд хохирлоо гэдэг асуудал гарна" хэмээв. 


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Үндсэн хуулиар иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Тиймээс өргөдөл, гомдлын дагуух хяналт шалгалтыг зогсооно гэсэн ойлголт байж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага жилд 10 мянган обьектод хяналт, шалгалт хийдэг. Үүнийг зогсоож, хариуцлагын гэрээ байгуулаад зайнаас хянах юм. Ингэхдээ технологийн хяналт, шалгалтыг тогтмол үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан" хэмээн хариулав. 


УИХ-ын гишүүн Д.Ганбат, лифтнээс унасан, цахилгаанд цохиулсан зэргээр монгол хүүхдийн амь хохирч байгаа асуудалд хариуцлагын асуудал ярих шаардлагатайг тодотгоод, "төрийн хяналт шалгалтыг зогсоох нь дээрх төрлийн хариуцлагаас мэргэжлийн хяналтын байгууллага зугтааж буй хэлбэр гэж ойлгож байна" гэлээ. 


Төслийн ажлын багийн гишүүн, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, "Хариуцлагын асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага зугтаах биш, харин ч илүү ойртож байгаа. Лифтнээс хүүхэд унасан асуудлыг судлаад үзэхэд, мэргэжлийн хяналтын байгууллагаас 2020, 2021 онд СӨХ-нд лифтээ засах албан шаардлага хүргүүлж байсан. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлага, дүгнэлтийг заавал биелүүлэх шинж нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд тодорхой бус байна" хэмээн хариулав. 


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, төрийн хяналт шалгалтыг багасгах, давхардлыг арилгах асуудлыг тусгасан гэдгийг тэмдэглээд, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, хяналт шалгалттай холбоотой асуудлаар нийгэмд хүлээлт буйг тодотгов. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн шатанд хэд хэдэн чиглэлээр нарийвчлан боловсруулах шаардлагатайг хэллээ. Тэрбээр, "Дотоод болон технологийн хяналт шаардлагатай буюу хүнс, эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт хяналт, шалгалт байх шаардлагатай. Найман нэрийн дэлгүүрт хяналт шалгалт байхгүй байж болно. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарч хяналт, шалгалтын асуудлыг ярих ёстой. Тиймээс УИХ-аас ажлын баг гарч, бүх Байнгын хорооны төлөөллийг оролцуулан төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлого бизнес эрхлэгчдэд хэрэгтэй гэсэн мөртлөө энэ хуулийг дэмжихгүй байж болохгүй" хэмээв. 


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсний дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ