Европт халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-03-23 16:38:22

БРЮССЕЛЬ. /DW/. Герман, Франц, Итали, Их Британи зэрэг Европын хэд хэдэн орон “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдээ хэт эрт сулруулсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдээлжээ.


Эдгээр оронд одоо коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаагийн дийлэнх нь “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA2” дэд хувилбартай холбоотой байна.


ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга Ханс Клюге хэлэхдээ, Европын бүсийн 53 орны 18-д нь халдварын тохиолдлын тоо өсөж байгаагаас Их Британи, Ирланд, Грек, Кипр, Франц, Итали, Германыг онцлох нь зүйтэй. Эдгээр оронд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт олноос хэт цөөн болгож эрс бууруулсан гэсэн байна.  


Европт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо нэгдүгээр сарын эцсээр оргил үедээ хүрснээсээ хойш огцом буурч байсан боловч гуравдугаар сарын эхэн үеэс дахин нэмэгдэх болсныг ДЭМБ-ын тоон мэдээлэл харуулж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Европын бүсэд халдварын 5.1 сая тохиолдол шинээр илэрч, 12 496 хүн нас баржээ.


Ази

Бали аралд жуулчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэх туршилт амжилттай явагдсан тул ийм журмыг өргөтгөсөн талаар Индонезийн Аялал жуулчлалын яам мягмар гарагт мэдээлжээ. Ингэснээр гадаадын жуулчид зөвхөн “PCR ” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай болжээ.


Хятадад сүүлийн хэдэн долоо хоногт “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд тодорхой бүсэд хөл хорио тогтоож, олон нийтийг шинжилгээнд хамруулж байна. Гэхдээ эрх баригчид хөл хориноос үүдэн эдийн засгийн өсөлтөд учрах эрсдэлд санаа зовниж буйгаа илэрхийлж байна.


Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин цар тахлаас эдийн засагт учрах нөлөөг багасгах шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн ч халдварыг тэглэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг уриалжээ.


Европ

Германы Ерөнхийлөгч Вальтер Штайнмайер болон түүний гэргий Эльке нарын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар төрийн тэргүүний ажлын албанаас мягмар гарагт мэдээлжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, тэдэнд хөнгөн шинж тэмдгүүд илэрч байгаа бөгөөд нэн даруй өөрсдийгөө тусгаарласан байна.


Германд сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусний өвчлөл өндөр хэвээр байгаатай холбоотойгоор мужууд хязгаарлалтуудыг сулруулах хугацаагаа хойшлуулаад байгаа юм.


Норвегийн хаан Харальдын коронавирусний шинжилгээний хариу мягмар гарагт мөн эерэг гарсан бөгөөд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Өдгөө 85 настай хааны үүргийг угсаа залгамжлах хунтайж Хокон түр гүйцэтгэх ажээ.


Америк

АНУ-д өнгөрсөн долоо хоногт илэрсэн “COVID-19” халдварын нийт тохиолдлын гуравны хоёр гаруй нь “омикрон” хувилбарын “BA2” дэд хувилбараас халдварласан байсныг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мягмар гарагт мэдээлжээ.


Америкт “COVID-19”-ийн өвчлөл нэгдүгээр сард оргил үедээ хүрснээсээ хойш буурч байгаа боловч Ази, Европт “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод байна. Зарим мэргэжилтний хувьд “омикрон” хувилбарын дэд хувилбарын тархалт улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулсантай зэрэгцсэнээр шинэ давлагаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ