Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-22 13:53:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн  үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах боломжтой хэмээн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.


Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гадаадын зээл, тусламжийг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хөтөлбөрийн нэгдүгээр хэсэг буюу хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн ашиглалт, хөдөөгийн хөгжил, төрийн салбарын удирдлагад 3.4 сая ам.долларыг зарцуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Ийнхүү санал хураахад төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 

Холбоотой мэдээ