Төрийн албан хаагчид бүжгээр дамжуулан эрүүл мэнддээ анхаарахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-10 18:33:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Монгол дархлааг сэргээе” флаш мобд 350 гаруй төрийн албан хаагч оролцлоо гэж "Amka dance" сургалтын төвөөс мэдээлэв.

Бүжгийн спортын холбооны Завхан аймаг дахь салбарын санаачилгаар аймгийн Засаг даргын “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд тус аймагт анх удаа олон хүнийг хамруулсан флаш мобыг амжилттай зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр төрийн албан хаагчид бий биелгээ болон чөлөөт бүжиг бүжиглэж эмэгтэйчүүдийг бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл мэндээ хамгаалахад уриалсан. Бүжгийн спортод дурлаж албан байгууллага, гэр бүл хамт олноороо идэвхтэй хөдөлгөөнд нэгдэж эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.


Ер нь биелгээг гэрт тойрон суусан хүмүүсийн дунд мөн зай багатай газар бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн байдаг. Тухайлбал, халх бүжгийн намбад гарын намируулах, үелзэх, дэвэх, хөлийн дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх, хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, гэсэн үсрэлтүүд болон бий биелгээний мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялга, цацал, задгай хаялга, сугсрах, чичрэх зэрэг гарын болон цээжин биеийн хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд байдаг. Ийнхүү мөр нь гараа, цээж нь биеэ хөдөлгөж хөл нь бүхэл биеэ түшиж нэгэн цул болж уусан эвцэлдэж байж ардын бий биелгээний язгуур суурь болдог. Өөрөөр хэлбэл бий биелгээ биелснээр биеийнхээ бүх хэсгийг хөдөлгөнө гэсэн үг.

Тиймээс үндэсний бүжгийг олон хүнд зааж сургаж, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах нь арга хэмжээний зорилго байв. Мөн монголчуудын уламжлалт бүжиг бий биелгээ нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг. 2009 онд ЮНЕСКО-оос яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхагласан. Энэхүү соёлын биет бус өвийг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах нь манай сургалтын төвийн гол зорилго юм.

"Монгол дархлааг сэргээе” флаш мобд бүжиглэсэн бий биелгээг “Amka dance” сургалтын төвөөс сар гаруйн хугацаанд зохион байгуулж бэлтгэсэн. Ташрамд дуулгахад “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд 2022 оны 3-р сарын 8-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл бий биелгээ болон шугаман бүжгийн төрлөөр уралдаан зарлаад байгааг дуулгая. Энэ уралдаанд оролцох байгууллагуудын бичлэгийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл “Amka dance” сургалтын төвд хүлээн авч шилдгүүдийг тодруулах юм гэв. 

Холбоотой мэдээ