Хэвтэрт байгаа өндөр настанд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

ОРОН НУТАГТ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-03-04 16:48:21
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 6-р багийн хэвтэрт байгаа өндөр настанд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Ахмадын чөлөөт холбоо ТББ -ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар "Явуулын үйлчилгээ"-г санаачлан зохион байгуулж байна. Тэд энэ удаад өндөр настан Д.Наранцэцэгийг онцолж, "Сүмбэр" дэлгүүр, "Эмт өвс фарм" ААН, аймгийн Улаан загалмайн хороо, Даланзадгад сумын Захирагчийн ажлын албатай хамтран ажилласан байна.
6-р багийн Засаг дарга Б.Энх-Амгалан "Өндөр настан Д.Наранцэцэг нь тархины цус харвалтын улмаас байнгын хэвтэрт байдаг. Бага хүүтэйгээ амьдардаг байсан бөгөөд хүү нь авто ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж ажил хийх чадвараа алдсан. Гэхдээ их мундаг хүү ээжийгээ асраад хамтдаа амьдарч байгаа" гэв. "Явуулын үйлчилгээ"-гээр гэр болон хашааг нь цэвэрлэж, хогийг нь үнэгүй ачуулсан байна. Мөн хувцас, хөнжил, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа, дархлаажуулалтын бэлдмэл өгчээ.
Монголын Ахмадын чөлөөт холбоо ТББ -ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн зохион байгуулагч Д.Мядагсүрэн "Бид зорилтот бүлгийн 250 иргэний дунд судалгаа явуулсны үндсэн дээр "Явуулын үйлчилгээ" авах шаардлагатай иргэдэд хүрч ажиллаж байна. Энэ сард Даланзадгад сумын 5 иргэнд хүрч ажилласан. Ирэх сард 4 иргэнд хүрэхээр төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтрийн зайлшгүй тусламж авах шаардлагатай иргэдэд энэ үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал тэдний гэрийн цагаан бүрээс, хувцас, цагаан хэрэглэл зэргийг угаалгын газарт өгч угаалгах, гэрийг нь цэвэрлэж амьдрах таатай орчныг нь бүрдүүлж өгдөг" гэлээ.
Холбоотой мэдээ