Ж.Байден гадаадын монополь компаниудтай тэмцэнэ гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-03-02 13:02:41

ВАШИНГТОН. /TASS/. Цар тахлын үед үнийг 1000 хувиар өсгөж, асар их хэмжээний ашиг олсон гадаадын монополь компаниудад АНУ-ын засаг захиргаа хатуу арга хэмжээ авч эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдлээ.


Ж.Байден мягмар гаргийн орой АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд “Улс орныхоо байдлын талаарх” жил тутмын илтгэлээ тавихдаа энэ тухай мэдэгдсэн байна.


Америкчуудын зарлага багасна гэдэг нь улс оронд "мөн өрсөлдөөн нэмэгдэнэ" гэсэн үг бөгөөд "өрсөлдөөнгүй капитализм бол капитализм биш юм" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


"Энэ бол мөлжлөг бөгөөд үнийг өсгөдөг. Корпорацууд өрсөлдөх шаардлагагүй үед тэдний ашиг нэмэгдэж, харин танд үнэ өсөж, жижиг бизнес эрхлэгчид, фермийн аж ахуй эрхлэгч өрхүүд, фермерүүд уналтад ордог" гэж АНУ-ын төрийн тэргүүн онцлон хэлэв.


"Цар тахлын үеэр эдгээр гадаадын өмчит компаниуд үнийг 1000 хувиар өсгөж, асар их ашиг олсон. Өнөө орой би Америкийн бизнес эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд үнийг хөөрөгддөг эдгээр компаниудын эсрэг хатуу арга хэмжээ авахаа зарлаж байна" гэж Америкийн удирдагч мэдэгджээ.


Тэрбээр мөн түүний засаг захиргаа "жижиг бизнес эрхлэгчдэд, сая сая америкчуудад зориулагдсан олон тэрбум ам.долларын тусламжийг хулгайлсан гэмт хэрэгтнүүдийг мөрдөж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ