Оёдол үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ “Дэлхийн оёдолчдын өдөр”-өөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж аймгийнхаа оёдол үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ сарын 28-нд “Дэлхийн оёдолчдын өдөр” тохиож байна. Энэ өдөр аймгийнхаа оёдол үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдэд чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа иргэдтэй уулзаж санал солилцов. Уулзалтаар тэдэнд тулгарч буй асуудал, зах зээлийн нөхцөл боломж, ашиглаж байгаа техник технологийн талаар мэдээлэл авсан байна. Оёдол үйлдвэрлэгчдийг аймгаас хэрхэн дэмжиж ажиллах нөхцөл боломж байгааг харилцан ярилцжээ. Өмнөговьд оёдлын буюу хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 28 компани, 90 гаруй цех, салон, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа. Тэд 500 гаруй ажлын байр бий болгон амжилттай яваа юм. Мөн энэ өдөр салбартаа амжилттай ажиллаж байгаа үйл урлаач, оёдолчдыг шагнаж урамшууллаа. Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр “Говь хангай андууд” ХХК-ний оёдолчин Ч.Золзаяа, Б.Ганчимэг, П.Жинсмаа, С.Батчимэг, Н.Осороо, “Болор сор” ХХК-ний оёдолчин Х.Отгонтөгс, Д.Туяа, Б.Анхтуяа, “Баян уул” ХХК-ний оёдолчин Д.Мөнхтуяа, Б.Оюумаа, Ц.Отгонцэцэг, Т.Отгонзаяа нарыг шагналаа.