Боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудыг ариун цэврийн байгууламжтай болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-25 15:48:48

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн хөрөнгөөр дөрвөн суманд ариун цэврийн байгууламж, халуун усны барилга ашиглалтад орно.

Тухайлбал, Сонгино, Шилүүстэй суманд сургуулийн хүүхдийн халуун усны барилга, Цэцэн-Уул, Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвд ариун цэврийн байгууламжийн ажлыг хийж байна. 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 65.0 сая төгрөгийн санхүүжилтээр он дамнан баригдаж байгаа Сантмаргаз сумын халуун усны барилга нь санхүүжилт хүрэхгүй байгаа тул бохир усны цооног хийгдээгүй хүлээгдэж байна.

Мөн Шилүүстэй сумын төвийн ундны цэвэр усны худагт ус зөөлрүүлэх төхөөрөмж, Улиастай сумын ундны усны зургаан худаг, Цэцэн-Уул сумын хоёр худагт ухаалаг төлбөрийн системийг суурилуулсан. Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин сумын 20 хичээлийн байр, дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхээр угсралтын ажил хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд, өнгөрсөн онд Улиастай суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд 120 айл, өрх орсон байна.

Холбоотой мэдээ