Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-22 23:39:36

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ.  

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээрх томилгоог хэлэлцэж, дэмжсэн юм. Сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь хуульч мэргэжилтэй, төрийн албанд 25 жил ажилласан.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Элит-ын 25” байрыг хувьчлахад онцгой анхаарахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хилийн цэргийнхний нийгмийн асуудалд анхаарах, Х.Болорчулуун гишүүн цэргүүдийг ургац хураалт, бүтээн байгуулалтын ажилд бодлоготойгоор дайчлах, идэвхжүүлэх, О.Баасанхүү гишүүн цэргийн алба хаагчдын улс төржилтийг зогсоох, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, цалин хангамжинд онцгой анхаарах зэрэг зүйлсийг захиж байв. Харин Ж.Батзандан гишүүн Батлан хамгаалахын багц таван хуулийн эцсийн хэлэлцүүлгийг яаралтай хийж, хэрэгжилтийг нь хангах, цэргийнхэнд цолны мөнгийг шударга олгоход анхаарах, цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар чөлөөнд гарсан цэргийн ажилчдыг ажлын байраар хангах, цэргийн алба хаагчдын эдийн засаг, нийгмийн асуудлыг анхаарах зэрэг асуудлыг сайдад нэр дэвшигчид анхааруулав.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 90.6 хувь нь дэмжиж Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов.                           

Н.Гантуяа

Холбоотой мэдээ