МАН-ын Хяналтын ерөнхий хороо зарим гишүүндээ хариуцлага тооцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-18 19:53:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Хяналтын ерөнхий  хороо өнөөдөр хуралдаж зарим гишүүндээ хариуцлага тооцохоор болсон тухай тус хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэв.


Тодруулбал, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарыг намын гишүнээс хассан байна. Харин Э.Эрдэнэжамъяан, Э.Цасчихэр, Г.Батсайхан, Д.Дуламсүрэн, Б.Даваасамбуу нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөв.


Тус нам өнгөрсөн 30 дугаар их хурлаараа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож, хатуу тэмцэхээ зарласан юм.


МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Мөн төрийн өндөр албан тушаалд байхдаа авлигын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнээс хасахаар болж дүрэмдээ өөрчлөлт оруулсан” хэмээн тодотгов. Ийм дүрмийн өөрчлөлт хийсэн анхны улс төрийн хүчин гэдгээ ч тэмдэглэв.


Намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн хүмүүсийн холбогдох хэргийн судалгаа бүрэн хийгдээгүй аж. Тиймээс түр хугацаанд Бага хурлын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргаад байгааг учирлав. Бусад хэрэгт нэр холбогдоод буй гишүүдийн асуудал гарч байгаа бөгөөд өөрсдөө гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөх хэрэгтэйг тэрбээр мэдээллийн үеэр онцоллоо.


Тус нам Хөгжлийн банкны асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж буйг тэмдэглээд, МАН-ын гишүүд энэ асуудалд холбогдож яллагдагчаар татагдсан мэдээлэл одоогоор байхгүйг цохон тэмдэглээд, энэ асуудлаар хуулийн байгууллага лавлагаа гаргаж өгөх хүсэлт явуулна гэв.  


Хөгжлийн банкны асуудлаар МАН ажлын баг гарган ажиллаж байгаа аж. Хэрэв намын аль нэг гишүүн хэрэгт яллагдагчаар татагдвал 30 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөх шаардлагатайг дуулгаад, хууль хяналтын байгууллага гэм буруутайд тооцвол хэнийг ч хаацайлахгүй гэдгээ мэдэгдэв.



Бусдад давуу эрх олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардан үүрэг өгч байна. Харин Ц.Анандбазар гишүүн намаас түдгэлзсэн учраас асуудлыг нь хэлэлцээгүйг тодотголоо.


МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд шинэ нөхцөл байдал илэрвэл хариуцлагын түвшинд шийдвэр гаргахаа нотлов.

Холбоотой мэдээ