Хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулжээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, МХҮХ-ны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо, Бие даан амьдрах төв зэрэг ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, боломж, хамтран ажиллах талаар ярилцлаа.
Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг орон нутгаас бодлогоор дэмжиж ажиллана. Мөн ТББ-уудыг илүү чадваржуулж, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор олон үр дүнтэй ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн онд орон нутгаас оффисын хоёр өрөөг шийдвэрлэснээр тав тухтай орчинд үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэний өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 46 сая төгрөг, хувийн туслах үйлчилгээнд 12,8 сая төгрөгийн туслалцаа үзүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа 40 эцэг эхийн нийгмийн даатгалд 27,2 сая төгрөг, 17 эцэг эхийн эрүүл мэндийн даатгалд 1,4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус үзүүлсэн. Үүнээс гадна түрээсийн орон сууцанд 3 иргэнийг хамруулсан. Сургалт нөлөөллийн болон урлаг, соёл, спортын үйл ажиллагааг дэмжиж ажилласан байна.