2 сая гаруй хятад гэр бүл хоёр дахь хүүхдээ төрүүлэх хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-22 11:00:02

БЭЭЖИН. /Xinhua/.  2015 оны эцсийн байдлаар, 2 сая гаруй хятад гэр бүлийн хосууд хоёр дахь хүүхдээ төрүүлэх хүсэлт гаргасан гэж Гэр бүл төлөвлөлтийн газраас мэдээлжээ. 

Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссоос нийт иргэдийн 89.2 хувь нь гэр бүлээ чөлөөтэй төлөвлөх боломжтой болсон байна. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооноос 2013 оны эцсээр “нэг хүүхэд” бодлогыг өөрчилж, эцэг эхчүүдэд хоёрдахь хүүхдээ төрүүлэх боломжийг олгосон билээ.

Гэхдээ эцэг эхийнх нь аль нэг нь айлын ганц хүү эсвэл охин байсан тохиолдолд  үүнийг зөвшөөрч байсан юм. Харин 2015 оны сүүлчээр баталсан шинэ хуулиар хэдэн арван жилийн турш мөрдөгдөж ирсэн “нэг хүүхэд” бодлогыг бүрмөсөн халж бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг албан ёсоор зөвшөөрсөн билээ.

Засгийн газраас өнгөрсөн жил хөдөөгийн өрхүүдийн гэр бүл төлөвлөлтийн хэрэгжилтийг дэмжихийн тулд 11.2 тэрбум юань (1.7 тэрбум доллар) зарцуулсан нь 2014 оныхоос 1.46 тэрбум юаниар өссөн тоо бөгөөд уг дэмжлэг 9 сая гаруй хүнд хүрсэн байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ