Тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-16 13:25:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр, Ерөнхий сайд улс даяар бүх хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. 


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгажээ. 


Манай улсын хүн амын дундаж наслалт эмэгтэй 75.8, эрэгтэй 66.1 байдаг аж. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа юм.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зөрүүг 5 жил болгож бууруулахаар тусгасан байна. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1 гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дуулгав. Тэрбээр, "Хоёр жилийн хугацаанд цар тахалтай байсан тул КОВИД-19-ын дараах нөхөн сэргээх эмчилгээнд энэхүү урьдчилан сэргийлэх үзлэг том үр дүн авчирна.


Нөгөөтээгүүр, манай улсад амьсгалын зам, шээс бэлгийн зам, хоол боловсруулах тогтолцоо, гэмтэл согогийн өвчлөл тэргүүлдэг. Харин зүрх судас, хавдар, осол гэмтэл, амьсгалын замын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.


Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгээр дээрх өвлөл рүү илүү чиглэсэн шинжилгээг дэлгэрэнгүй хийх юм. Олон улсад хэрэглэж буй 24-25 нэр төрлийн оношилгооны 17-г нь манай улсад хийдэг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр аль болох иргэдийн бүх эрхтэн системийг хамруулна. Ингэхдээ, нярай хүүхдээс эхлээд настан буурай хүртэл хамруулах зорилт тавьж, насны багцад өөрчлөлт оруулах төлөвлөгөө гаргаж байна" хэмээв. 


Манай улс 2018 оноос насны багцаар Эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ хамруулах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн ч иргэдийн оролцоо, идэвх маш сул байгаа юм. Жилд зарцуулж байгаа урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо төлөвлөгөөний 10 хувиас хэтрэхгүй байгаа аж. Тиймээс энэ жилийн төсөвт зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулах хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг суулгажээ. 


Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад  эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгов.

Холбоотой мэдээ