Зориулалтын байртай баар, ресторан, кафе 05.00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-15 11:46:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас цар тахлын үеийн улбар шар түвшнийг шар түвшинд өчигдөр шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулав. 


Тодруулбал,

  • хүнс худалдаа 00.00 цаг хүртэл ажиллах зохицуулалт хэвээр үйлчилнэ.
  • Харин зориулалтын байртай ресторан, баар, кафе үүрийн 05.00 цаг хүртэл ажиллах боломжтой. Зориулалтын бус буюу орон сууцны барилгын доод давхарт ажилладаг бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллана.
  • Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газар зориулалтын байртай бол 24 цагаар ажиллах юм. Харин орон сууцны доод давхарт ажилладаг бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллаад, 06.00 цагаас ажиллах боломжтой.
  • Ая тухтай дэлгүүр зориулалтын байртай бол 24 цагаар ажиллана. Орон сууцны доод давхарт ажилладаг бол 00.00 цаг хүртэл ажиллах цагийн зохицуулалттай байх аж. 

Ташрамд дурдахад, Ая тухтай дэлгүүр гэдэг нь Монгол Улсын 2019 онд баталсан Жижиглэн худалдааны стандарт (MNS 5021-1:2019)-ын 4.2.4-т заасан үйлчилгээг хэлдэг. Тодруулбал, өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй дэлгүүрийг хэлнэ. Ингэхдээ түргэн үйлчилгээний хэсгийн талбайн хэмжээ нь худалдааны танхимын талбайн 20 хувиас хэтрэхгүй байх юм.  Тус дэлгүүр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг тодорхой темпратурт барих, хадгалах, ердийн болон автоамат ажиллагаатай төхөөрөмж, ширээ сандлаар тоноглосон wifi орчин бүхий байх шаардлагатай аж.

Холбоотой мэдээ