Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга өчигдөр захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов.
Дээрх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байна.
Ташрамд дурдахад, НИТХ-аас 2009 оны долоодугаар сард согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг сар бүрийн 1-нд хориглох тогтоолыг хамгийн анх баталж байв.
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС:
7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
7.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
7.1.5. орон сууцны орц, хонгил;
7.1.6. гудамж, талбай, цэцэрлэг;
7.1.7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
7.1.8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.