УОК-оос гэр, гэртээ шинэлэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцууллаа.
Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна.
Нийт хүн амын 31, зорилтод бүлгийн иргэдийн 52,3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт дархлаажуулалт 43-49 хувьтай байна. Бусад аймгуудад зорилтод бүлгийн иргэдийн вакцинд хамрагдалт 55-аас дээш хувьтай байна. Дөрөвдүгээр тунд 80 мянган иргэн хамрагджээ.
Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний эерэг эзлэх хувь 29,5 хувь болж, халдварын тархалт өндөр байгаа тул буй тул ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримталж, гэр гэртээ шинэлэхийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос уриалж байгаа юм.
Хуралдааны товч мэдээ:
· Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
· БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Багануур Пауэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй 400 MВт-ийн хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор концесс эзэмшигчдэд БНХАУ-ын холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас төслийн санхүүжилт болон холбогдох зөвшөөрлүүдийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
· Лондоны банкууд хоорондын ханш /ЛИБОР/-ыг дэлхий даяар хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор хөвөгч хүүтэй, Монгол Улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай байгуулсан гадаад зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.