Байгалийн өвөрмөц тогтоц "Есөн тогоо"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-28 15:13:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бол “Ээж Хайрхан уул” юм. Ээж хайрхан ууланд гадаад, дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Тэдгээрээс өвөрмөц тогтцоороо олны анхаарлыг татдаг "Есөн тогоо"-г танилцуулъя.

Есөн тогоо нь Ээж хайрханы зүүн өвөрт чулуулгийн судал дагаж хойноос урагш цуварч байрласан есөн тусдаа хадан хонхор юм. Тогоо бүр устай байх бөгөөд хоорондоо 40-50 см чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Нэгээс гурав дахь тогооны диаметр нь 1-3 метр байдаг бол дөрвөөс найм дахь тогооны диаметр 5-6 метр өргөн байдаг. Гарал үүслийн хувьд боржин чулууны ан цавыг дагаж үүссэн бөгөөд тогоонуудын гүн 2-8 метр юм. Ес дэх тогоо дээд талын тогооноос 7 метр гаруй хол оршдог. Найм дахь тогооны төгсгөлд хадан дэвсэгийн зай завсраар хэдэн том бургас ургасан байдаг ба нутгийн ардууд эрт үеэс хүндэтгэн хадаг яндар өлгөж сүсэглэн залбирч иржээ. Есөн тогооны эхэнд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан “Даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг. Харин ес дэх тогооны төгсгөл хавьд газрын гүнээс булаг маягтай шүүрдэг ус байдаг нь хур бороо элбэг жил тогоонуудаас ус халин задгайрч жижиг булаг үүсгэн хад даган урсаж хөрсөнд шингэдэг байна. Тогоонууд бүгд дүүрэн устай бөгөөд ногоон өнгөтэй, хүхэрлэг чанартай, тогоо бүрийн ус өөр өөр амттай байдаг. Эдгээр есөн тогоонд байх усыг судлаачид рашааны шинж чанартай болохыг тогтоосон байна. Нэгээс зургаа хүртэл тогоо руу төвөггүй очиж болох ба долоо, найм дахь тогоо руу очиход бага зэрэг бэрх байдаг. Хальтирч унахаар мөлгөр налуу бөгөөд гишгэдэл алдвал тэр чигээр тогоо руу өнхрөөд орчихоор ажээ. Тогоо бүрийн гүн харилцан адилгүй бөгөөд хүн живж үхсэн тохиолдол ч байдаг байна.


Холбоотой мэдээ