Тавин жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлжээ

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-01-27 19:34:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлгэрхаан сумын нэгдүгээр баг, Хэрлэнбаян-Улаан тосгоны малчин Лувсандэндэвийн Доржханд гуай 50 жилийн үйлс бүтээлээ үнэлүүлж, “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваас цом тэмдэг, шагналаа хүлээн авлаа.
Тэрбээр 1962-1972 онд Өндөрхаан хотод Хэрлэн нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, 1972 оноос эхлэх төрөлх сумынхаа Баян бадрал нэгдэлд саальчин, 1982-1992 онд тус нэгдэлд хоньчин, 1992 оноос өнөөг хүртэл хувийн малаа өсгөн, мал аж ахуйн салбарт нийтдээ 50 жил хөдөлмөрлөжээ. 2013 оноос хойш таван туслах, шавь малчин бэлтгэн ажиллуулж, тэднийг 600 гаруй малаар малжуулжээ. Мөн сум орон нутаг, Хэрлэнбаян-Улаан тосгоныхоо тэргүүний хандивлагч, нийгмийн зүтгэлтэн гэдгийг сумынх нь удирдлагууд илэрхийллээ.
Л.Доржханд гуайг ХАА-н салбарт үр бүтээлтэй ажилласан амжилтыг үнэлж, 1981 онд Засгийн газрын Жуух бичиг, 1988 онд төл бойжуулалтын Нэгдлийн аварга, 1999 онд Дэлгэрхаан сумын аварга малчин, 2000 он Мянгат малчин, 2019 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
Холбоотой мэдээ