Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-27 11:59:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын  захирамжаар аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.


Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа гардуулсан бөгөөд уг ёслолд аймгийн Засаг даргын орлогч, тусгай чиг үүрэгтэй байгууллагын дарга, захирагч нар оролцсон юм.


Энэ үеэр Онцгой байдлын газрын 2021 онд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.




Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн онд аймгийн хэмжээнд тохиолдсон 114 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 477 хүний амь нас, төрийн болон хувийн хэвшил, ард иргэдийн 7.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Мөн ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авах зорилгоор түймрийн эрсдэл өндөртэй 9 суманд аймгийн Засаг даргын захирамжаар 57 сая төгрөгийн өртөг бүхий хяналтын цэг байгуулж, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг тогтмол зохион байгууллаа.




Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 90 гаруй нэр төрлийн бүтээн байгуулалтын ажлыг хийж,  “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр”-тэй хамтран гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ