Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгаас тэргүүллээ

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2022-01-26 15:59:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгийн өрсөлдөх чадварын судалгааны тайлангаар Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Судалгаанаас харахад Дорноговь аймгийн засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, дэд бүтэц бүлгийн оноо өсч улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр эхний байрт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь хараат бусаар ажиллаж Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшнийг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлдог  байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас эхлэн ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жил Дорноговь аймаг эхний байрт эрэмбэлэгджээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог аж.

 

Холбоотой мэдээ