БНСУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-25 16:06:59

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 8571 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар давамгайлан тархаж байгаатай холбоотойгоор эрх баригчид халдвартай тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдийг тогтоохоор болоод байна.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн тохиолдлуудын 8356 нь дотоодод халдварласан бөгөөд ингэснээр ийм тохиолдлын нийт тоо 749 979-д хүрчээ.


БНСУ-д “COVID-19” халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэнээс хойш өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдол анх удаа 8000 давж буй нь энэ юм. Урьд нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-нд хамгийн олон буюу 7848 хүнээс халдвар илэрч байжээ.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 23 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 6588-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.88 хувьтай тэнцэж байна. Даваа гаргийн байдлаар нийт 392 өвчтөний биеийн байдал хүнд байгаа нь өмнөх өдрийнхөөс 26-гаар буурчээ.


“Омикрон” хувилбарын тархалтыг сааруулахын тулд Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв лхагва гаргаас эхлэн халдварыг эрт илрүүлэх, ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүсийг эмчлэхэд түлхүү анхаарах хариу арга хэмжээний шинэ тогтолцоонд шилжих юм.


Үүний хүрээнд эрсдэл бага бүлгийн иргэдэд түргэвчилсэн антигений шинжилгээ, харин эрсдэлтэй бүлгийн хүмүүст “PCR” шинжилгээ хийнэ. Мөн вакцинд хамрагдсан, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 10-аас долоо хоног болгон богиносгоно. Түүнчлэн вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авсан өвчтөнтэй ойр байсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй ч ойрын хавьтал болсноос долоо орчим хоногийн дараа “PCR” шинжилгээ өгөх шаардлагатай байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв эдгээр арга хэмжээг эхний ээлжид “омикрон” хувилбарын тохиолдол олноор нэмэгдэж буй бүс нутагт хэрэгжүүлж, улмаар энэ сарын эцсээс орон даяар нэвтрүүлэх ажээ. Даваа гарагт Засгийн газар “омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 52 хоногийн дараа уг шинэ хувилбар нь коронавирусний давамгайлан тархах хувилбар болсон талаар мэдээлжээ. 


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын халдварлах чадварыг харгалзан ирэх хоёрдугаар сарын эхэн үеэс өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 20 мянга давж, улмаар 100 мянгад ч хүрч болзошгүйг анхааруулаад байна. Засгийн газрын зүгээс нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 2-нд болох Цагаан сарын баярын амралтын үеэр зорчих хөдөлгөөнийг аль болох багасгахыг ард иргэдээсээ хүсжээ.


Даваа гарагт бүртгэгдсэн дотоодод халдварласан тохиолдлуудын 1674 нь нийслэл Сөүл хотод илэрсэн бол тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид 2869 тохиолдол, баруун нутгийн Инчеон боомт хотод 653 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдварын 215 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр ийм тохиолдлын тоо 23965-д хүрчээ.


БНСУ-д өнөөдрийн байдлаар 52 сая хүн амын 85.4 хувь нь буюу 43.84 сая хүн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол 25.54 сая хүн /49.8 хувь/ нэмэлт тунг тариулаад байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлд дурджээ. 

Холбоотой мэдээ