Дэлхийн томоохон компаниудын удирдлагууд энэ онд эдийн засаг сайжирна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-01-17 10:50:49

МОСКВА. /TASS/. Дэлхийн томоохон компаниудын тэргүүн нарын 75 гаруй хувь нь 2022 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдал сайжирна гэж үзэж байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өөдрөг таамаг юм гэж “PwC” зөвлөх компанийн явуулсан судалгаанд дурджээ.


"Судалгаанд хамрагдсан удирдах албан тушаалтнууд ирэх онд эдийн засаг бэхжих хэтийн төлөвийн талаар сүүлийн 10 жилийн хамгийн өөдрөг таамгийг дэвшүүлж байна. Дэлхийн томоохон компаниудын удирдлагуудын дөрөвний гурваас илүү нь (77 хувь) дэлхийн эдийн засгийн байдал сайжирна гэж таамаглаж байгаа бол ердөө 15 хувь нь улам дордоно гэж үзэж байна" гэж тус компани онцолсон байна.


Хамгийн өөдрөг таамгийг Энэтхэгт дэвшүүлсэн бөгөөд тус улсад санал асуулгад оролцсон компаниудын удирдлагуудын 94 хувь нь 2022 онд дэлхийн эдийн засаг өснө гэж үзжээ. Түүнчлэн Итали (89 хувь),  Франц (85 хувь), Япон (83 хувь) болон Их Британийн компаниудын удирдах албан тушаалтнууд (82 хувь) эерэг динамик ажиглагдана гэж үзэж байна.


Зарим оронд өөдрөг таамаг өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад буурчээ. Тухайлбал, АНУ-д ажил олгогчдын 70 хувь нь (өнгөрсөн онд 88 хувь), Бразилд 77 хувь нь (85 хувь), Германд 76 хувь нь (80 хувь) Хятадад 62 хувь нь (71 хувь) энэ онд эдийн засаг сэргэнэ гэж таамаглаж байна.


Дэлхийн томоохон компаниудын удирдлагуудын 43 хувь нь эдийн засаг сэргэхэд инфляц болон ДНБ-ий хэлбэлзэл нөлөөлж болзошгүй гэж санаа зовж байгаа аж. 


“PwC” судалгаагаа 2021 оны 10, 11 дүгээр сард явуулсан байна. Судалгаанд 89 орны томоохон компаниудын 4446 удирдах албан тушаалтан оролцжээ.


Холбоотой мэдээ