Японы баруун өмнөд хэсэгт 1.2 орчим метр өндөр цунами бүртгэгджээ

ДЭЛХИЙД | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2022-01-16 11:10:51

ТОКИО. /TASS/. Японы баруун өмнөд хэсэгт орших Амами арлын эрэгт 1.2 орчим метр өндөр цунами бүртгэгдсэн тухай NHK телевиз мэдээлжээ.


Цунамигийн улмаас хохирол учирсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Японы Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, эдгээр арлууд 3 метр хүртэл өндөр давлагаанд цохиулж болзошгүй байна.


Үүнээс гадна Японы Номхон далайн эргийн газруудад 30-90 см-ийн өндөр цунами үүсжээ.


Цунами Тонга улсын нийслэл Нукуалофа хотоос өмнө зүгт 65 км зайд усан доор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй гэж Үндэсний цаг уурын албаны төлөөлөгч NHK-д мэдээлжээ. Уг галт уул нэгдүгээр сарын 14-нд дэлбэрч эхэлсэн байна. 


Түүний хэлснээр, энэ удаагийн цунами нь газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигаас ялгаатай, урьдчилан таамаглахад илүү төвөгтэй тул нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх магадлал дараагийн өдөр ч хэвээр байж магадгүй байна. Тэрбээр мөн Японы иргэдэд далайн эргийн газруудыг яаралтай орхиж, эрх баригчдаас холбогдох заавар өгөх хүртэл буцаж очихгүй байхыг уриалав.


Японы эрх баригчид бямба гаргийн үдээс хойш орон даяар цунамигийн түгшүүр зарласан байна. Америкийн Самоа болон Чили улсад мөн түгшүүр зарлажээ. Их давалгааны улмаас Савайн арлын өмнөд хэсгийн тосгоноос зуу гаруй гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн АНУ-ын баруун эрэгт байрладаг муж улсуудад Тонга дахь галт уулын дэлбэрэлтийн улмаас цунами үүсэж болзошгүйг анхааруулжээ.



Холбоотой мэдээ