Завхан аймаг мод тайрдаг бус тарьдаг аймаг болно

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-01-07 15:56:47

Завхан/МОНЦАМЭ/. Өнөөдөр тус аймагт ойн салбарын нэгдсэн зөвлөгөөн болж байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.

Ойн салбарын зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж, байгаль орчин, ойн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, 24 сумын удирдлагууд, байгаль орчныг хамгаалагчид гээд 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Өнөөдрийн зөвлөгөөний чухал сэдэв бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, хэр үр дүнтэй оролцох талаар хэлэлцэж байна. Тэрбум мод тарих хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг оролцогчдод танилцуулж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөж байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар тус аймагт 2030 он хүртэл нутаг дэвсгэртээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүжилтийг хэлэлцэн баталсан. Мөн мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүргийг бий болгохоор бодлогын баримт бичгүүддээ тусгасан байна. Завхан аймаг энэ онд мод тайрдаг бус, тарьдаг аж ахуйн нэгж байгууллагыг дэмжиж ажиллана гэв.  

Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг төлбөрөөс чөлөөлнө

Ойн салбарын зөвлөгөөний үеэр шийдвэр гаргах түвшний удирдлагууд, ойн салбарын мэргэжилтнүүд санал хүсэлтээ нээлттэй ярилцаж, хамтран ажиллах гол асуудлуудаа зөвлөлдөж шийдэлд хүрээд байна.

Тухайлбал, аймаг, сумандаа ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгох. Шатлан суралцах боломжийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагууд санаачилга гарган үр дүнтэй ажиллахаар боллоо. Модыг тарихдаа иргэд аж ахуйн нэгж  мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг авч арчилгаа усалгааны асуудалд анхаарах. Модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэж байгаа хувийн хэвшлүүдийг орон нутгаас дэмжин мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх. Техник тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх. Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамруулах. Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжийг олгохоор боллоо. Түүнчлэн УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаас баримталж байгаа ойн талаарх бодлого чиглэлийг ард иргэдэд сурталчлан таниулах. Хүүхэд багачуудыг байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлтэй болгох, усыг ариг гамтай ашиглах. Хоггүй эрүүл орчин бүрдүүлж, амар амгалан амьдрах асуудалд сум орон нутгийн удирдлагууд, сурган хүмүүжүүлэгч нар хамтарч ажиллахаар боллоо.


10 га талбайд ойн зурвас байгуулжээ

Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Монгол орны ойрхог чанар найман хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээрээ Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог. Тус аймаг жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг. Өнгөрсөн жил гэхэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 28 га, улсын төсвийн хөрөнгөөр 80 га, ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр 64.8 га нийт 172.8 га талбайд ойжуулалтын ажлыг хийсэн байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 200 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил, улсын төсвийн хөрөнгөөр 10 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг хийжээ. Харин ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг Их-Уул сумын ойн санд 1000 га талбайд хийсэн байна. Ойн хөнөөлт шавжийн биологи-экологийн онцлогийг тодорхойлох суурин судалгааны 35 цэгт судалгааны ажлыг ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хийгээд буй гэв.   


Мод үржүүлгийн ажлыг идэвхтэй явуулна

Завхан аймаг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2030 он хүртэл 25 сая мод тарьж ургуулна.

Аймгийн хэмжээнд 24 сум, олборлох үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд, төрийн байгууллагууд, иргэд гээд жил бүр мод тарих хөдөлгөөнд тусгай хөтөлбөрийн хүрээнд хамрагдана. Тиймээс аймгийн хэмжээнд мод үржүүлгийн ажлыг идэвхтэй явуулж, дэмжиж хамтран ажиллана гэдгээ шийдвэр гаргах түвшнийхэн зөвлөгөөний үеэр мэдээлэв. Мөн үеэр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих хариуцлагын гэрээг байгуулаа.

Тус аймагт өнгөрсөн жил гэхэд Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай суманд байршилтай 14 мод үржүүлгийн газарт шилмүүст модны 3.5 сая гаруй ширхэг, навчит модны суулгац 175 мянга гаруй ширхэг нийт 3.7 сая гаруй ширхгийг үржүүлжээ. Мөн шинэсний 72 кг, хушны 10 кг нийт 82 кг үр бэлтгэсэн байна. Жил бүрийн бүх нийтээр мод тарих өдөр олон нийтийг хамарсан мод тарих хөдөлгөөн тус аймагт маш сайн өрнөж үр дүнтэй байгаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 16 мянга гаруй ширхэг, намар нь 15 мянга гаруй ширхэг нийт 12 төрлийн 31 мянга гаруй ширхэг мод, бутыг 214 аж ахуйн нэгж байгууллага, 5100 иргэн оролцож тарьсан байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Ойн сангаас цэвэрлэгээний огтлолт хийх ажлыг мэргэжлийн байгууллагууд хийдэг

Завхан аймагт жил бүр ойгоос хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх чиглэлээр тогтоол гардаг.

Тэгвэл 2019 оны аймгийн ИТХ-ын 73 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд 48752 м3 хэрэглээ, 101219 м3 түлээ нийт 149971 м3 мод бэлтгэхээр тогтоосон. Энэ дагуу 2020 онд аймгийн ойн сан бүхий 16 сумын ойн сангаас 14509 м3 хэрэглээ, 53025.6 м3 түлээ нийт 67535 м3 мод бэлтгэсэн байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны Ойгоос мод бэлтгэх эрх шилжүүлэх тухай 24 дүгээр тогтоолоор Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байршилтай “Хан хөвч” ХХК нь үйлдвэрлэлийн огтлолтоор хэрэглээний мод 140 м3 бэлтгэж Тосонцэнгэл суманд гүүр барих ажилд нийлүүлсэн байна. Мөн Баянтэс, Тосонцэнгэл, Идэр сумдын ойн сангаас цэвэрлэгээний огтлолт хийх ажлуудыг ойн мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хийжээ. Харин 2021 онд 42 мянган м3 хэрэглээ 61785м3 түлээ нийт 104170м3 модыг ойгоос бэлтгэжээ.  


Мод тарьж ургуулах мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө хамгийн чухал

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болоод буй.

Тэгвэл энэ зорилгын төлөө тэрбум мод тарих хөдөлгөөнийг дэмжиж тус аймагт өнгөрсөн оны 10 дугаар сард нээлтийг хийж намрын мод тарих ажлыг 24 суманд өрнүүлээд байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 2030 он хүртэл жил бүр хоёр саяас дээш мод, бут сөөг тарих зорилт дэвшүүлэн, сум бүрд мод тарих га талбай, модны хэмжээ, суулгацын төлөвлөгөөг ойн салбарын зөвлөгөөний үеэр танилцууллаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр мод тарих ажлыг Их-Уул, Улиастай, Түдэвтэй сумуудаас эхэлж, 111 аж ахуйн нэгж байгууллагын 396 албан хаагч оролцож, 7 га талбайд шинэс, гацуур, улиас, бургас, хайлаас, чацарганын суулгацыг тариад байна. Модыг тарьсны дараа арчилж тордож ургуулах нь чухал юм. Ялангуяа мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, зөвлөгөө чухал юм. Тиймээс анх модны суулгацаа хэрхэн зөв суулгах, цаашид хариуцсан, тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах вэ гэхчлэн мод тарих ажилд оролцсон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд тухай бүр нь өгч байсан нь үр дүнгээ өгсөн. Цаашид ч сум дундын ойн ангиуд, ойн сангийн мэргэжилтнүүд, байгаль орчны салбарын мэргэжилтнүүд мод тарьж ургуулах, арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг хамтран явуулахаар боллоо гэж аймгийн БОАЖГ-аас тус тус мэдээлэв. 

Хамгийн хөгшин мод 700 гаруй жилийн настай

Ойн салбарын зөвлөгөөний үеэрх чухал сэдэв нь ой модны ач тусын талаарх мэргэжилтнүүдийн өгсөн шинжлэх ухааны мэдээлэл байв.

-Манай орны хамгийн хөгшин мод тус аймгийн Их-Уул суманд бий. Ойн салбарын судлаачдын тогтоосноор Монгол орны хамгийн хөгшин мод буюу 700 гаруй жилийн настай. 1.8 метрийн бүдүүн шинэс мод байгааг тогтоосон. Тиймээс мод тарих, тарьсан модоо ургуулах, арчлах нь хамгийн чухал. Мод урт наслах боломжтой төдийгүй ой нь амьдрах орчин бүрдүүлдэг.

Өөрөөр хэлбэл ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болдог. Мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулж нэг га навчит ой гурван кг, шилмүүст ой 5-10 кг, арц 30 кг фитонцит ялгаруулдаг. Ой модны фотосинтезийн процессын явцад нэг га шилмүүст ой зуны нэг өдөр агаараас 220-275 кг нүүрс хүчлийн хий шингээж, 180-215 кг хүчил төрөгчийг ялгаруулж, 120-150 кг органик бодисыг нийлэгшүүлж байдаг. Тэгэхлээр Их-Уул суманд буй 700 гаруй жилийн настай мод багаар бодоход 126 мянган кг хүчилтөрөгчийг ялгаруулж өгчээ. Тиймээс мод тарьж ургуулах. Ойн зурвас байгуулах. Байгаа ой модоо арчилж, тордож ургуулах нь ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт юм. Ой бол дэлхийн уушги юм. Ой мод нь хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг юм гэж аймгийн БОАЖГ-аас нэмж дуулгав.


Холбоотой мэдээ