Аймгийн Засаг даргад МАН-ын хорооны дарга Н.Ганбямбын нэрийг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-18 20:20:50

Хэнтий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 97.4%-ийн ирцтэйгээр өнөөдөр хуралдаж аймгийн ИТХ-ын даргаар төлөөлөгч Л.Батсайхан сонгогдож, аймгийн Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямбын нэрийг дэвшүүлэн Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Тус хуралдаанд нийт 39 төлөөлөгч оролцохоос 38 нь оролцосон бөгөөд нэг төлөөлөгч чөлөөтэй байсан аж. Хуралдааны үеэр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Г.Хэрлэнчулуун, АН-ын бүлгийн даргаар Г.Ганхуяг нар сонгогдов. Мөн аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг нийт 11 тэргүүлэгчтэй байхаар тогтлоо.

Энэ удаагийн ИТХ-д 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ын 30, АН-ын 9 төлөөлөгч сууж байгаа бөгөөд 31 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй төлөөлөгч байна
Нийт төлөөлөгчдийн дундаж наслалт 43, хамгийн ахмад нь 65 настай Өмнөдэлгэр сумаас сонгогдсон төлөөлөгч П.Жавзанрагчаа бол хамгийн залуу нь 32 настай Дархан сумаас сонгогдсон төлөөлөгч Ж.Энхтөр юм. Ажил мэргэжлийн хувьд багш 9, эрхзүйч 4, инженер 4, эмч 3, эдийн засагч 2, бусад мэргэжлийн 17, боловсролын хувьд 94.8% дээд, 5.2% бүрэн дунд боловсролтой төлөөлөгчдөөс аймгийн шинэ ИТХ бүрдэв.


Хэнтий аймаг О.Буянхишиг
 

Холбоотой мэдээ