Хоолны дэглэм ямар үр дүнтэй байх нь таны генээс шалтгаална

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-07-18 14:22:33

ВАШИНГТОН. /VOA/. Эрүүл мэндэд харш нөлөөгүй бөгөөд биеийн жинг баталгаатай хасах зорилгоор хоолны дэглэмүүдийг долоо хоног бүр шинээр гарган танилцуулж байна. Хамгийн сүүлд гарсныг дурдвал, Газар Дундын тэнгисийн хоолны дэглэм, япон маягийн дэглэм гэх мэт. Харин саяхан хийсэн судалгаагаар танд хоолны аль дэглэм нь илүү тохирохыг тодорхойлоход таны ген ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон байна.

Эрдэмтэд эрлийз хулганууд дээр өөр өөр төрлийн хоолны дэглэмийн туршилт хийж, аль нь илүү тохирч, аль нь тохирохгүй байгааг болон эрүүл мэндэд аль нь хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон байна.

Тэд туршилтдаа өөр өөр үүлдрийн дөрвөн эрлийз хулганыг оруулжээ.

Судалгааны дүнд зарим төрлийн хоолны дэглэм нь жин хасахад үр дүнтэйгээс гадна эрүүл мэндэд хор нөлөөгүй байсныг тогтоосон аж.

"Бид сүүлийн зуун жилийн турш хоолны дэглэм гэдгийг зөвхөн нэг өнцгөөс харж ирсэн бөгөөд хүн бүрт тохирох нэг л тохирсон хоолны дэглэм байдаг гэж боддог болсон. Харин бидний саяхан хийсэн судалгаагаар хоолны дэглэмийн нөлөөлөл ямар байх нь тухайн хүний генээс хамаардаг болохыг тогтоолоо гэж Хойд Каролина мужийн их сургуулийн генетикч Уильям Баррингтон ярьж байна.

Тиймээс таны найз "энэ хоолны дэглэм надад гайхалтай тохирч байсан. Чи туршаад үзэхгүй юу " гэж санал болгож байвал тэрхүү хоолны дэглэм нь танд өөр байдлаар нөлөөлөх магадлалтай гэж тэрбээр хэллээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ