“James Webb” дуран авайг хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-12-26 11:19:00

ПАРИС. /TASS/. Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн хүчирхэг нь гэгдэж буй “James Webb”-ийг Францын Гвиан муж дахь Куру сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөлөө.


10 тэрбум гаруй ам. долларын өртгөөр бүтсэн тойрог замын уг дуран авайг 12 дугаар сарын 18-нд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч янз бүрийн шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлуулжээ.


Пуужингаас салсны дараа “James Webb” аажмаар дэлгэгдэх бөгөөд энэ үйл явц 29 өдөр үргэлжлэх ажээ. NASA-гийн мэдээлснээр, хамгийн хэцүү бөгөөд эрсдэлтэй үе шат нь үндсэн толь болон дурайн авайг нар, дэлхий, сарны цацрагаас хамгаалах дулааны хамгаалалт нээгдэх үйл явц гэнэ.


Үүний дараа дуран авай дөрвөн долоо хоногийн хугацаанд Лагранжийн хоёр дахь цэгт гала тойрог замд байрлах ёстой байна.  Энэ цэг нь сартай харьцуулахад дэлхийгээс дөрөв дахин хол, нарны эсрэг талд 1.5 сая км зайд оршдог аж.


“James Webb” нь АНУ-ын сансар судлалын NASA агентлаг, Европын сансрын агентлаг (ЕКА) болон Канадын сансрын агентлагийн (CSA) хамтарсан төсөл юм. Америкийн “SpaceNews” цахим хуудсанд мэдээлснээр, NASA энэ төсөлд  8.8 тэрбум, ЕКА 815 сая, ККА 165 сая ам.доллар оруулсан байна.


Хүнийг саран дээр авчирсан "Аполлон" хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед  NASA-г тэргүүлж байсан Жеймс Уэббийн нэрээр ийн нэрлэсэн уг дуран авай нь тойрог замд байгаа “Хаббл” телескопыг орлох юм. 


“James Webb”-д 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан нь тойрог замд гаргаж байсан дуран авайнуудынхаас хамгийн том нь гэнэ. Уг дуран авай Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна, амьдрал байх боломжтой гаргуудыг хайх ажээ.


Эрдэмтэд “James Webb”-ээс шинжлэх ухааны анхны мэдээллийг хөөргөснөөс нь хойш зургаан сарын дараа хүлээн авч,  нэг жилийн дараа олон нийтэд танилцуулах төлөвтэй байна.



Холбоотой мэдээ