Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 47 хувийг ахлагч нар эзэлдэг

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-08 17:03:38

Архангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн газраас өнөөдөр “Ахлагч нарын баярын өдөр”-ийг тохиолдуулан нийт ахлагч, тэдний гэр бүлд зориулсан уулзалтыг зохион байгууллаа. Цагдаагийн газрын удирдлагууд ахлагчдынхаа нэг өдрийн ажлыг хийсэн бөгөөд ахлагчийн ажлын онцлог, ачааллын талаар өөрийн сэтгэгдлээ газрын дарга, хурандаа А.Лхагвадорж илэрхийлж байлаа. 

Архангай  аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний буюу 160 гаруй алба хаагчдын 47 орчим хувийг ахлагчид эзэлдэг байна.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Цэргийн штабын дарга Ж.Ганбаатар, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Т.Ганзориг, Шүүхийн Тамгын дарга Ц.Эрдэнэцогт тэргүүтэй удирдлагууд оролцжээ.

Засаг дарга М.Батжаргал:

-Ирэх 2022 он аймгийн Цагдаагийн газарт бүтээн байгуулалт арвин, онцлог жил болохоор байна. Учир нь аймгийн хэмжээнд хяналтын камерыг бүрэн нэвтрүүлнэ. Мөн Цагдаагийн газрын шинэ байр барина гэлээ.

Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах:

-Монгол төрийн цагдаа бол төрийн албан хаагчдын нүүр царай гэж хэлэхэд буруудахгүй. Цагдаагийн албан хаагчид та бүхэн иргэд, олон нийттэйгээ эелдэг түвшин харилцаж, хуулийн мэдлэг мэдээллээр тогтмол хангаж байгаарай хэмээн захижээ. 


Холбоотой мэдээ