Улаанбаатарт оршин суугаа 791 өрхөд 130.1 тн мах болон сүү цагаан идээг хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-08 15:48:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, өнөөдөр Улаанбаатар хотыг зорилоо. 

Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн өвөл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн иргэд болон оюутан залуучуудыг махны хомсдолд орохоос сэргийлэн нутгийн малын махыг хүргэх зорилгоор “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл энэ жил мөн адил зохион байгуулж буй бөгөөд 12 дугаар сарын 6-ны өдөр сумдад ачилт хийж өнөөдөр нэгдсэн журмаар Улаанбаатар хот руу цуваа хөдөллөө. Цуваа маргааш Улаанбаатар хотод очиж “Барс-2” захын гадна талбайгаас мах захьсан иргэдэд нэгдсэн журмаар өвлийн идшийг нь хүлээлгэж өгнө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Энэ жил Говь Алтай аймгийн амт чанар сайтай, гарал үүсэл тодорхой “Шимт богц” брэндийн махыг нутгийн зон олондоо хүргэж байгаараа онцлог юм. Мөн махны шошгон дээрх QR кодыг уншуулан аль сумын, ямар малчны хотноос ирсэн зэрэг бүх мэдээлэл нь гарах боломжтой аж.

Тус арга хэмжээний хүрээнд 17 сумын 702 өрхөөс нийт 130.1 тн мах болон сүү цагаан идээг Улаанбаатар хотод оршин сууж байгаа 791 өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ