"Номын баяр"-аар шинэ, ховор номын хямдралтай худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-08 14:18:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Арвайхээр хотын Хүүхдийн номын ордонд “Өдөр бүр уншъя” уриан дор “Номын баяр”-ыг тэмдэглэж байна.  

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан улсын хэмжээнд 30 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү номын баяраар ном үйлдвэрлэлийн найман компани, 12 зохиолч ирж, өөрсдийн уран бүтээл болоод шинэ ном, олдоц муутай ховор номыг 10-50 хувь хямдруулан уншигчдын гарт хүргэж байгаа юм.

Мөн зохиолч, уншигчдын уулзалт хийх, тэргүүний уншигчдад шагнал гардуулах, зохиогчийн гарын үсэгтэй номын худалдаа хийх, соёлын төвүүдэд ном хандивлах зэрэг үйл ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

“Номын баяр”-т аймгийн боловсрол, соёл, нийгмийн салбарын удирдлагууд оролцон баяр хүргэж үг хэлсэн ба ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцон, хүүхдийн шинэ зохиол бүтээлтэй танилцаж, өдөр бүр ном уншихын ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөгөө авч байна. “Номын баярын үйл ажиллагаанд оролцогчдын дийлэнх нь хүүхдүүд байдаг учраас Өвөрхангай аймагт хүүхдийн зохиолчид өргөн бүрэлдэхүүнээр ирсэн, мөн хүүхдэд зориулсан ном, бүтээлийг түлхүү авчирлаа” хэмээн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлэв.

“Өвөрхангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн номын сангуудын фондыг баяжуулах, хүүхэд, багачуудыг номтой нөхөрлүүлэх, ном уншуулах замаар оюунлаг, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх бодлого, зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хүүхдийн номын ордныг байгуулан, ном унших суудлын тоог 170-аар өргөтгөж, “Нэг ном- Эрхэм үйлс”, “Эртэч, оюунлаг Өвөрхангайчууд” зэрэг аяныг өрнүүлэн номын ач тусыг сурталчлан таниулсан” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хэллээ.

Энэ онд аймгийн Төв номын сангийн компьютер, техник хэрэгслийг шинэчилсэн бол ирэх онд бүх номын сангийн программ хангамжийг шинэчлэхээс гадна хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд чиглэсэн дөрвөн үйл ажиллагааг зохиохоор хөтөлбөрт тусгаад байгааг дурдав.

“Номын баяр”-ыг УИХ-ын гишүүн Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа ба үндэсний Монцамэ агенлаг хамтран ажиллаж байна. 


Холбоотой мэдээ