Сумдын сургууль, цэцэрлэгт аюулт үзэгдлийн эрсдэлийн түвшин өндөр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-06 13:43:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд өсвөр үеийнхний оролцоо, хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангаж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, боловсролыг тасралтгүй олгох, өөрийгөө болон бусдыг аврах, хамгаалах мэдлэг дадалтай болгох, сургууль, цэцэрлэгийн орчинд учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлох зорилгоор Говь-Алтай аймгийн сумдын сургууль, цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ.

Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сантай 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Бигэр, Цогт, Цээл, Бугат, Тонхил сум, Баянтоорой тосгоны сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлыг хүүхэд, эцэг эх, багшийн оролцоотойгоор зохион байгуулсан байна.  Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний нийт дүнгээр дээрх сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байруудад газар хөдлөлт, объектын гал түймэр, цасан болон шороон шуурга зэрэг аюулт үзэгдлийн эрсдэлийн түвшин өндөр гарсан тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийснээр болзошгүй аюулыг урьдчилан үнэлж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бодитой төлөвлөх, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 


Холбоотой мэдээ