ДЭМБ: “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байна

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-04 15:36:08

ЖЕНЕВ. /NDTV/. COVID-19”-ийн “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байгаа ч уг хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гарагт мэдээлжээ.


Олон тооны мутацитай шинэ хувилбарын улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт саарч болзошгүй байгаа тул улс орнуудын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо гурван сая даваад байгаатай зэрэгцэн АНУ, Австралид “омикрон” хувилбараар дотоодод халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байна.


ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин, эмчилгээнд ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. “Омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч уг хувилбарын тархалт Европт ойрын саруудад бүртгэгдэх халдварын тохиолдлуудын тэн хагасыг үүсгэж болзошгүй байна гэж тус байгууллагаас баасан гарагт мэдээлжээ.


Мөн шинэ хувилбар “дельта”-гийн нэгэн адил дэлхийн эдийн засгийн сэргэлтийг сааруулж болзошгүйг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева анхааруулаад байна. “Бид шинэ хувилбар үүсэхээс ч өмнө эдийн засгийн сэргэлтэд санаа зовниж байсан тул хурдацтай тархаж болзошгүй байгаа “омикрон” хувилбар цаашдын төлөв байдлыг улам бүдэгрүүлж магадгүй байна” гэж тэрбээр хэлжээ.


11 дүгээр сарын 24-нд шинэ хувилбарын талаар дэлхий дахинд анх мэдээлсэн Өмнөд Африкийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “омикрон”-оор халдварлах эрсдэлийг “дельта”, “бета”-гийнхтай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ.


Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Франческа Роккагийн хувьд “омикрон” хувилбар шинээр үүссэнийг улс орнуудын вакцинжуулалтын түвшин туйлын тэгш бус байгааг харуулсан нотолгоо хэмээн тодорхойлсон байна.


Өмнөд Африкийн эмч нар “омикрон” тархсанаас хойш таваас доош насны хүүхдүүд эмнэлэгт хүргэгдэх тохиолдол эрс нэмэгдэж буй байдал ажиглагдаад байгааг мэдээлсэн ч бага насны хүүхдүүд халдварт илүү өртөмтгий гэж дүгнэхэд эрт байгааг онцолжээ. Тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Вассила Жассатын хэлснээр, таваас доош насны хүүхдүүдийн дундах өвчлөл 60-аас дээш насныхны дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм байна.


Баасан гарагт АНУ-д ойрын хугацаанд хилийн чанадад зорчоогүй хоёр хүн “омикрон”-оор халдварласан нь тогтоогдсон нь олон нийтийн дунд халдвар хэдийнээ тархаж эхэлснийг харуулжээ. Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт өвлийн саруудад “COVID-19”-тэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулснаас гадна гадаадаас ирэх иргэдэд тавьж буй шинжилгээнд хамрагдах шаардлагыг чангатгахаа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ