Коронавируст халдварын тохиолдол 9, 10-р сарынхаас 70 орчим хувь буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-03 11:38:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад 9, 10 дугаар сарынхтай харьцуулахад 11 дүгээр сарын байдлаар, “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо 70 орчим хувь буурчээ.


Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэхдээ, “Манай улсын нийт хүн амын 22 хувь, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Үүний үр дүнд тохиолдлын тоо 70 орчим хувь буурсан” гэдгийг онцлов.


Мөн гэрээр хяналтад буй өвчтөний тоо оргил үеийнхтэй харьцуулахад  66 000-10 000, эмнэлэгт буй өвчтөн 22 500-5000,  нэн хүнд өвчтөн 400-111 хүртэл багасжээ. Харин нас баралтын тохиолдол оргил үеийн долоо хоногийн дунджаас 4.5 дахин буурчээ.

Түүнчлэн гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдсанаар вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-оос доош насныхны өвчлөл 2-3 дахин буурсан байна. Энэ нь гуравдугаар тунд иргэдийн хамралт нэмэгдсэнээр шууд бусаар вакцин хийлгээгүй жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-оос доош насныхны өвчлөл буурахад нөлөөлсөн аж.


ДЭМБ-аас өчигдөр вакцинд хамрагдаагүй иргэд болон ахмад настныг гадагш аялахгүй байхыг зөвлөжээ. Тиймээс манай улсад ч гэсэн ахмад настан, вакцинд хамрагдаагүй 12-аас доош насныхныг онцын шаардлагагүй тохиолдолд гадагш аялалд авч явахгүй байхыг тэрбээр уриаллаа.



Холбоотой мэдээ