Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 91.4 хувьтай дүгнэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-12-02 17:11:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, 91.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ.

2021 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 61 зорилт, 343 арга хэмжээг тусган хэрэгжүүлсэн бөгөөд салбар бүрт тодорхой ахиц дэвшил гарсан хэмээн үзэж байгаа юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны урьдчилсан дүнгээр 657.7 тэрбум төгрөгт хүрч, нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны урьдчилсан дүнгээр 5638.5 мянган төгрөг байгаа нь урд оноос өссөн үзүүлэлттэй байна. Иргэдийн мөнгөн хадгаламж 2021 оны урьдчилсан дүнгээр 214.9 тэрбум төгрөгт хүрч, урд оноос 13.5 тэрбум төгрөгөөр өсжээ.

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулах, хувийн хэвшлээ дэмжих, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг иргэдийн дунд хэвшил болгох, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг аймгийн ИТХ-аас үүрэг болголоо.

Холбоотой мэдээ