“Мал аж ахуйн нэгдсэн систем”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-30 08:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад баталгаажсан үндэсний үүлдэр, омгийн малын цөм сүрэг 290.2 мянга, үржилд ашиглаж буй хээлтүүлэгч 213.1 мянга, хот орчмын бүсийн үхэр 110.2 мянга байна.


ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд зарласан “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ы хүрээнд энэ тоон мэдээллийг бүртгэн мэдээллийн нэгдсэн санд оруулж, шилжилт хөдөлгөөнийг хянан, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.


Малыг бүртгэснээр тус бүрд нь хувийн дугаартай болгож, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хянах тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх, мал сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм. “Мал аж ахуйн нэгдсэн систем” нь малын бүртгэл, сүргийн эргэлт, малын удам зүйн үнэлгээ, хурдан морины бүртгэл програм болон мал, малчин өрхийн тавлаг байдлын мэдээлэл гэсэн дэд сангаас бүрдэнэ.


НҮБ-ын ХХААБ, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран Өвөрхангай аймгийн 4 суманд хэрэгжүүлсэн “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах туршилтын төсөл”-ийг үндэсний хэмжээнд ашиглах хөгжүүлэлт хийж, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд туршиж, орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэж байна. Энэ сарын 29-30-нд 21 аймаг, нийслэлийн ХХААГ-ын мал үржлийн албаны дарга, мэргэжилтнүүдэд сургалтыг танхимаар зохион байгуулав.


Малыг ялган бүртгэхэд гар утасны аппликейшн, бүртгэлийн программ хөгжүүлж өгснөөр малын ээмэг, чипэнд бичсэн засаг захиргааны нэгжийн код бүхий хувийн дугаарыг бар код уншигч ашиглан бүртгэх, дахин давтагдашгүй хувийн дугаарыг программ автоматаар олгох боломж бий болжээ. Энэ нь бүртгэлийг амар хялбар болгож, малын ээмэгний QR кодыг уншуулан тухайн мал болон эзнийх нь мэдээллийг харах боломж бүрдүүлжээ.


Аппликейшн нь сүлжээгүй нөхцөлд ажиллах боломжтой. Сумын бүртгэгч Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас малчин өрхийн А дансны мэдээллийг нэгдсэн системээс татаж суулгах, тухайн мэдээллийг сүлжээгүй орчинд ашиглах, сүлжээтэй газар орох үед мэдээлэл нэгдсэн системд орох нөхцөлийг хангасан байна. Үндэсний статистикийн хорооноос төрийн ХУР мэдээллийн санд дамжуулсан малчин өрхийн А дансны мэдээллийг Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийн нэгдсэн сангаас ашиглах давуу талтай.


Мал аж ахуйн нэгдсэн системд энгийн хэрэглэгч нэвтэрч улсын хэмжээнд бүртгэсэн мал, үүнээс цөм сүргийн хээлтэгч, хээлтүүлэгч, тухайн жилийн хүлээн авсан төл, малын зүй бус хорогдлыг улс, аймгаар харж болно. Харин малчин өрх, мал бүхий этгээд, хувь хүний талаарх мэдээлэл, малын хөдлөл зүй зэргийг админ эрхтэй бүртгэгчээс өөр хэрэглэгч харах боломжгүй юм.



Холбоотой мэдээ