БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны ээлж хүлээлцэв

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-30 11:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Х, ХI ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцэх ёслолын ажиллагаа энэ сарын 26-нд Бентью хот дахь "Хубилай" баазад боллоо.


Уг ёслол нь манай улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жилийн ойн баярын өдөр болсноороо онцлог бөгөөд энэ үеэр хурандаа О.Заяат захирагчтай XI ээлжийн мотобуудлагын батальонд НҮБ-ын далбаа болон Монгол Улсын Төрийн далбаа, цэргийн багийн захирагчийн тамгыг албан ёсоор хүлээлгэж өгсөн юм.


Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим хэлсэн үгэндээ, “Би энд Монгол Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан цэргийн багийн ээлж хүлээлцэх ёслолд ирээд байна. Монгол Улсын мотобуудлагын батальон нь үүргээ үлгэр жишээ гүйцэтгэсний зэрэгцээ иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Та бүхэн НҮБ-ын үнэт зүйлийг сурталчлах, орон нутгийн иргэдийг хамгаалах болон Юнити секторт амар тайван байдлыг тогтоохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргасныг өндрөөр үнэлж байна” хэмээжээ.


Энэ үеэр мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатар хэлэхдээ, “Эх орон, төр, ард түмнээ төлөөлөн Зэвсэгт хүчнийхээ өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг залгамжлан авч буй XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл болон ажиллагааны газар орон дээр ажил, үүргээ хүлээж авах явцад олж авсан туршлага, сургамжууд нь цаашдын үүрэг гүйцэтгэлт, хувь хүний хөгжил, цэргийн хэргийн мэдлэг, дадлагад ихээхэн түлхэц болно гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн юм.




Ёслолын ажиллагаанд Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим, секторын Хүчний штабын нэгжийн дарга нар болон бусад албаны зочид оролцов.




Холбоотой мэдээ