Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд Д.Батбаатар түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-29 15:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалангийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаан боллоо.


Энэхүү барилдаанд 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат,  Увс нуур дэвжээний бөх, цэргийн начин Тоочингийн Батсүрэн үзүүрлэв.


Тус барилдаан Их шөвөгт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн заан Б.Анандпүрэв нар шалгарлаа. Харин дунд шөвөгт Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Дундговь аймгийн арслан Б.Доржсүрэн нар үлдсэн юм.


Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан С.Сүхбатад гардууллаа. Тэрбээр нэгийн даваанд аймгийн арслан /а.а/ Г.Бат-Орших, хоёрт аймгийн хурц арслан /а.х.а/ Ө.Батзул, гуравт а.а П.Эрхэмжаргал, дөрөвт а.х.а Н.Баттүвшин нарыг давж тавын даваанд түрүү бөх а.а Д.Батбаатарт амлуулж барилдан өвдөг шороодсон юм.  


Барилдааныг Кевико интернэт ХХК ивээн тэтгэж, МҮБХ-той хамтран зохион байгуулав. Г.Бат-Амгалан начинд нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд зэрэг олон хүн, хамт олон хүндэтгэл илэрхийлсэн. Мөн начингийн нутгийн дүү нараас нь "Прадо" маркийн жип автомашин бэлэглэсэн юм.



Холбоотой мэдээ