“Иргэний андгай өргөх ёслол” болов

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-26 17:54:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр Иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Залуучууд хөгжил”-ийн төвийн танхимд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд Дархан сумын хүүхэд багачуудын төлөөлөл болсон 60 сурагч оролцов. Сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж, амжилттай суралцаж буй Дархан сумын ЕБС-ийн зургаан сурагчийг тайзнаа алдаршуулан иргэний үнэмлэхийг нь батламжлан гардууллаа.

”Иргэний андгай өргөх ёслол”-д Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга А.Амгалан, Залуучуудын холбооны дарга А.Соронзонболд нар оролцож 16 нас хүрч, иргэний андгай өргөсөн сурагчдад батламж гардуулав.

 

Холбоотой мэдээ