"Эрдэм" сургуулийн баг мэтгэлцээнийг өнгөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-22 19:27:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зарласан "Би биш бид" аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Мини парламент"-аас "Би биш бид хөгжинө" сэдэвт мэтгэлцээнийг зохион байгууллаа. 

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн дэлхийн улс орнууд хүүхдэд ээлтэй уриалга, санаачилгад нэгдэн, тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Мөн өдрийн хүрээнд дээрх мэтгэлцээнийг өрнүүлсэн байна.

Тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж хэлсэн үгэндээ, "Хүүхдүүдэд багаас нь би биш бид гэсэн үзэл санааг төлөвшүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, сурагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд аймгийн ИТХ-аас ихээхэн ач холбогдол өгч, цаашид дэмжин уламжлал болгон зохион байгуулна" гэдгийг хэлсэн юм.

Мэтгэлцээнд "Номундалай" цогцолбор сургуулийн “Iconic” баг, “Alpha” баг, Номгон сургуулийн “Зөв гурвалжин” баг, Эрдэнэмандал “Дөл” баг, Соого сейко сургуулийн “Uranus” баг, “Mandal” баг, “Оюуны хүч” баг, Алгоритм сургуулийн 1, 2-р баг, Эрдэм сургуулийн “Талст” баг, Политехникийн коллежийн баг, нийт 11 багийн 33 сурагч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Тэргүүн байрт "Эрдэм" сургуулийн Талст баг, дэд байрт "Номундалай" цогцолцор сургуулийн Alpha баг, гутгаар байрт Алгоритм сургуулийн баг, шилдэг мэтгэлцэгчээр "Номундалай" сургуулийн Alpha багийн Н.Бурмаа шалгарсан байна.

Мэтгэлцээнд суралцсаны дүнд хувь хүн бүтээлчээр сэтгэх, судалгаа хийх, уран илтгэх, сонсох болон тэмдэглэл хөтлөх чадваруудыг эзэмшдэг ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ