МОНЦАМЭ агентлагийн хөгжил чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-22 19:02:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн хөгжил нь Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбар болон чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг төлөвшихөд төдийгүй үе үеийн боловсон хүчнийг бэлтгэж чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг өнөөдөр болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр тус агентлагийн орлогч дарга Ш.Батболд онцлов.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан "Монголд үндэсний мэлээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь: Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.  


Хурлыг нээж, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг хэлэхдээ, МОНЦАМЭ агентлаг бол Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинаа зарлан тунхагласан мэдээллийн агентлаг юм. МОНЦАМЭ агентлаг 1921 оны хавар Монгол Улс тусгаар тогтнох уу, харийн дарангуйлалд үлдэх үү гэсэн асуулт бүхий улс төрийн ширүүн гал дунд анхны мэдээгээ цацаж, үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Энэ бол Ардын журамт цэргүүд Хиагтыг чөлөөлж, анхны ялалтаа тунхагласан 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр байв.

Энэ онд манай агентлагийн 100 жилийн ой тохиож байна. “КОВИД-19” цар тахал дэлхий нийтийг нэрвэсэн, олон нийтийн хөл хөдөлгөөн хумьсан, улс орнууд хил гаалиа хаасан хүнд хэцүү цаг үе таарлаа. Хэдийгээр бид ийм цаг үед ажиллаж байгаа ч МОНЦАМЭ агентлагаараа овоглож явсан үе үеийн 150 гаруй сэтгүүлч, орчуулагч, тоймчийнхоо бүтээлүүдийг шигшиж, "Монгол Улсын дуу хоолой" хэмээх хоёр боть хэвлэлээ. Энэ бол дараа дараагийн МОНЦАМЭ-чүүд, сэтгүүл зүйн залуу үеийнхэн, нийгэм судлаачид, иргэдэд хэрэгтэй архивыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа гэж үзэж байна. Мөн МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчдынхаа бүтээлээр ном гаргахаар ажиллаж байна. Өнгөрсөн 100 жилийн түүхийг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг бүтээлээ. Түүнчлэн Монголын Үндэсний музейтэй хамтран “МОНЦАМЭ-100” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “МОНЦАМЭ-100” төгөл байгуулж мод тарилаа. Энэхүү хурал мөн түүхт 100 жилийнхээ ойн хүрээнд хийж буй ажлын нэг юм. Хуралд Монгол Улсад сэтгүүл зүйн салбарын боловсон хүчин бэлтгэж сургалт эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг МУИС, МУБИС, Хэвлэлийн хүрээлэн, Улаанбаатар эрдэм их сургууль, МСНЭ-ийн төлөөлөл оролцон, орчин үед сэтгүүл зүйн байгууллага тэр дундаа Үндэсний мэдээллийн байгууллага хэрхэн ажиллаж байгааг тодруулах, цахим сэтгүүл зүйн шинэ орчин үүсэн бүрэлдсэн энэ үед илүү үр өгөөжтэй гэж үзэж байна. Үүнээс бид ямар түүх туулж, ямар үрэг гүйцэтгэж ирэв, цаашид ямар зарчим барьж үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг дүгнэх нь онцгой ач холбогдолтой юм” хэмээв.

Эрдэм шинжилгээний хуралд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, "Монголын сэтгүүл зүйд МОНЦАМЭ агентлагийн оруулсан хувь нэмэр, цаашдын чиг хандлагын талаар эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм.


Тухайлбал, тус агентлагийн орлогч дарга, МУИС-ийн докторант Ш.Батболд "Монголд үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь ба өнөөдрийн МОНЦАМЭ" сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “МОНЦАМЭ агентлагийн өнгөрсөн 100 жилийн түүх нь Монгол Улсад үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжиж, төлөвшсөн баялаг замналыг бүтээжээ. Үйл ажиллагааны зарчмын хувьд үндэсний мэдээллийн агентлагт тавигддаг зохих шаардлагуудыг өнөөдөр ч бүрэн хангаж байна. Монгол Улсыг дотоодод төдийгүй гадаад ертөнцөд сурталчлах үндсэн үүрэгтэй ажилласааар ирсэн 100 жилийн хугацаандаа МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий  нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчууддаа хүргэх хамгийн шуурхай, баталгаат эх сурвалж болж ирсэн байна. МОНТА студийг МОНЦАМЭ нэрээр шинэчилж зохион байгуулсан 1957 оноос хойш Монгол Улсын гадаад сурталчилгааг түлхүү хийж, монгол хэлээр төдийгүй англи, орос, хятад, япон хэлээр Монголын тухай мэдээллийг тасралтгүй мэдээлж ирсэн байгууллага юм. Тиймээс МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны өнөөдрийн хөгжил, цаашдын чиг хандлага Монгол Улсын гадаад сурталчилгаанд тулгуурлах нь тодорхой байна. МОНЦАМЭ агентлаг өнөөдөр ч гадаад орнуудад Монгол Улсын албан ёсны мэдэээллийн эх сурвалж болж Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод сурвалжлагч ажиллуулдаг хамгийн өргөн сүлжээ бүхий хэвлэл мэдээллийн байгууллага юм” гэдгийг тодотгов.


Мөн тус хуралд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Наранбаатар МОНЦАМЭ агентлаг “Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэсэн уриа үгэндээ багтаж, Монголын тухай мэдээллийн номер нэг эх сурвалж хэвээр байна. Мэдээллийн урсгал, орон зай, платформууд өргөжин тэлэх тусам “мэдээллийн найдвартай эх сурвалж” гэх томьёолол нь сэтгүүл зүйн салбарт өргөмжлөл-тодорхойлолт болж буй өнөө үед чухам энэ чиглэлийн үйл хэрэг нь манай сэтгүүл зүйн хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэв. 


Тодруулга: Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.

МОНЦАМЭ агентлаг 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж, улс орноо гадаадад таниулан үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Манай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн төв ОАНА-ын гишүүнээр элсэж, бусад агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцдог.








Холбоотой мэдээ