“Төрийн торгон цэргүүд” тангаргаа өргөлөө

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-22 17:34:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын Цэргийн тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо.


Энэ оны ээлжит цэрэг татлагаар тус ангид ирсэн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албанд дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтдаа бүрэн хамрагдсанаар ийнхүү эх орондоо цэргийн тангаргаа өргөсөн юм.


Дэлхий дахинд болон манай улсад өрнөсөн цар тахлын хүнд нөхцөлд цэрэг татах, цэргийн ангиудад хүлээлгэн өгөх, цэргийн алба болон сургалт бэлтгэлийг зохион байгуулах ажил нь халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр онцгой нөхцөлд явагдаж байгаа учраас энэ удаагийн Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд эцэг, эхчүүд, ар гэрийнхний төлөөллийг оролцуулалгүйгээр Монголын үндэсний олон нийтийн телевиз, мэдээллийн “Mass.mn” сайт болон ЗХЖШ-ын цахим хуудсаар шууд дамжуулснаараа онцлогтой байлаа.




Цэргийн тангараг өргөх ёслолын үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ, “Та бүхний цэргийн алба хааж буй энэхүү цаг хугацаа нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах яамны 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой давхацсан онцлог жил тохиож байгаагаараа онцлогтой. Бид бүхэн эдгээр түүхт ойг арвин их амжилтаар угтаж байгаагийн дотор Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн албыг дүрмээр хэвшүүлэх, материал, техникийн хангалтын хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, зохих үр дүнд хүрсэн юм.

Тэрчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг сайжруулах, офицер, ахлагч, даргалах бүрэлдэхүүний ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, хүнтэй ажиллах, хүнийг хөгжүүлэх арга барилыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн төлөвшүүлэх, жишиг цэргийн хотхон, ангиудын тоог нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Тус ангийн хувьд хуулиар хүлээсэн үндсэн үүргийн зэрэгцээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд тогтмол оролцож, монгол төрийн нүүр царай болдог онцлогтой юм. Иймд тус ангийн нийт бие бүрэлдэхүүний хувьд сахилга, зохион байгуулалт, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, төр, засгийн болон Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд туйлын хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.




Шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, тус газрын даргын орлогч, Ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат, Цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа Н.Лхагвасүрэн нарын хүндэт зочид, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Холбоотой мэдээ