НҮБ-ын ХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа Дундговьд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-19 21:38:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа өнөөдөр Дундговь аймагт ажиллалаа.

Тэрээр “Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд туршин нэвтрүүлэхүй” техник хамтын ажиллагааны төслийн үр дүнгийн хэлэлцүүлэгт оролцжээ.

Өнгөрсөн хавар 3 дугаар сарын 14, 25-нд Дундговь аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга тавьж, түүний улмаас тус аймгийн ХАА-н салбар маш их хохирол амссан. Энэхүү хохирлыг тодорхойлохын тулд НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр ХААИС, УЦУОШГ, МААЭШХ-ийн эрдэмтдийн баг орон нутагт ажиллаж, энэхүү ажлын үр дүнгийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулсан байна.

Энэ үеэр НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан, цөлжилт, бэлчээрийн доройтлоос үүдэн бий болж буй байгалийн аюулт үзэгдэл, түүний үр нөлөө, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Тус уулзалтад ХААЯ-ны мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Батмөнх болон холбогдох албаны хүмүүс оролцсон.

Уулзалтын үеэр Ноён Винод Ахужа дээрх төслийн хэлэлцүүлэгт оролцож, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй тус төслийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр Дундговьд газар дээр нь ирж ажиллаж байгаадаа талархан, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Харин аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймаг орон нутгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг танилцуулж, цаашдаа хамтын ажиллагааны хүрээнд хүн хүч болон шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх, хэрэгцээтэй бусад чиглэлээр дэмжиж хамтран ажиллана гэдгээ онцолжээ.

ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх цаашид нүүдлийг хязгаарлаж, өвөл, хаврыг орон нутагтаа даван гарах чадавхыг бий болгоход анхаарах шаардлагатай гэлээ. 

Холбоотой мэдээ