Өмнөд Суданд мөргөлдөөний үеэр 270 гаруй хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖУБА. /Xinhua/. Өмнөд Суданы нийслэл Жуба хотод ерөнхийлөгчийн ордны гадаа баасан гарагт болсон мөргөлдөөний үеэр 271 хүн амь үрэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдээд, “ням гарагт дахин мөргөлдөөн болсон” гэлээ.
Тус улсын ЭМЯ-ны мэдэгдэлд “мөргөлдөөний үеэр 32 иргэн, 5 цагдаа, засгийн газрын 44 цэрэг, дэд ерөнхийлөгч Риек Мачарын тэргүүлдэг Суданы ардын чөлөөлөх хөдөлгөөний 190 цэрэг амиа алдсан” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд ”энэ урьдчилсан мэдээ учир амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй” гэсэн байна.
Ерөнхийлөгч Салва Кирийн удирдлагад байдаг цэргүүд болон дэд Ерөнхийлөгч Рейк Мачарт үнэнч сөрөг хүчний цэргүүд баасан гарагт мөргөлджээ.
Кир болон Мачар баасан гарагийн орой мөргөлдөөний дараа тайван байхыг хүмүүстээ уриалсан юм.
Гэсэн хэдий ч өчигдөр өглөө дайсагнагч талууд дахин мөргөлдөж, нэг бус удаа буун дуу гарчээ.
Ерөнхийлөгч Кирийн хүчнийхэн болон дэд ерөнхийлөгч асан Риек Мачарт үнэнчээр зүтгэгчдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болсны улмаас 2013 оны 12 дугаар сард Өмнөд Суданд иргэний дайн дэгдэж байсан билээ. Мачар тухайн үед төрийн эргэлт хийх гэж байсан гэсэн мэдээллийг няцаагаад, босогчдын хүчин байгуулсан юм.
Харин өнгөрсөн оны 8 дугаар сард талууд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж, НҮБ-ын шахалтын дагуу энэ оны 4 дүгээр сард эвслийн засгийн газар байгуулан Мачар хуучин суудалдаа эргэн суусан билээ.
Иргэний дайны үеэр хэдэн арван мянган хүн амь үрэгдсэн юм.
Г.Доржханд