ЗҮС ТОД АНД: М.УЯНСҮХ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 17:47:42

Хатгал /МОНЦАМЭ/. 1991 онд Увс аймгийн 60 жилийн ойд зориулан “Увсын уянга” хэмээх шүлгийн эмхтгэл гарах хуваарьтай байлаа. Гэтэл Г.Бадамсамбуу нар том толгойлсноор “Зүс бүгэг андууд” хэмээх долоон залуугийн шүлэг багтсан түүвэр гарсан юм. Эл түүврийг “...тухайн үедээ уламжлалаас зугтаж өөрийн үл мэдэх хаос орчинд тулах цэг эрэн тэмтчих эрлийн эхийг тавьсан” гэж доктор, дэд профессор Ш.Баттөр нар бичсэн юм. Харин утга зохиол судлаач Я.Баяраа “...Тогтолцооны хувьд задран унаж буй нийгмийн үнэт зүйлийн доройтол уран зохиолд ч илэрч асан тэр цагт Монголын утга зохиолын сэтгэлгээнд олон эшт үзлийн салхи салхилж, арга хэлбэрийн зоримог эрэлхийллүүд мэр сэр гарч эхэлсний анхны бодит илэрхийлэл нь “Зүс бүгэг андууд...”  гэжээ. Өөрсдөө бол ч "Бид “сэрэл”-ийн яруу найраг хэмээх тунхаг баримталж, хүний сэтгэлийн барим тавим үелзээ, зүүд, зөн совин, үл ухамсарлахуй, агшны мэдрэмж тэргүүтнийг “тэмдэглэх” барилаар далд ахуйг нээнэ” хэмээн тунхаглаж асан. Тэдгээр долоон залуугийн нэг яруу найрагч, зохиолч Мулцангийн Уянсүхтэй ярилцсанаа товчлон танд хүргэж байна. Угтаа бол нэг нь ярилцлага өгч, нөгөө нь аваагүй л. Ердөө л тохиол бүрдсэний учир буюу. МОНЦАМЭ агентлагаас “12 хөрөг” цувралын бичлэг хийх үед таарснаар эл яриа өрнөсөн юм. 


-Та долоог судлаачид шинэчлэлийн түүчээ гэж дүгнэдэг. Өөрсдөө шинэчлэж буйгаа ер нь мэдэв үү? Хүмүүс ингэж үнэлэхээр итгэх үү?


-Юугаа мэдэх вэ дээ. Тухайн үедээ бол нэг ном хэвлүүлсэн. Тэрийгээ нэг их тоогоо ч үгүй. Ямар нэг юм шинэчлэлээ ч гэж бодоогүй. Харин сүүлийн хэдэн жилд нээрэн ч магадгүй юм байх гэж бодогдоод байгаа. Угтаа бол хэдэн залуус л шүлгээ нийлүүлээд нэг ном гаргасан хэрэг шүү дээ. Одоо болтол бүгд нэг дор цуглаж үзээ ч үгүй. Тэр үед бол хувьсгалын тохироо бүрдэнэ гээч нь болсон байх. Нэгдүгээрт, бүх юм дөнгөж чөлөөтэй болж байсан үе. Хоёрдугаарт, зөвхөн бид ч биш, залуус цөм тогтсоноос өөрөөр бичих тэмүүлэл бүхий нийгмийн тэсрэлтийн үе. Ялгаа нь гэвэл бидэнд илэрхийлэх зориг нь арай илүү байсан байж мэднэ. Хэлбэрийн ч, агуулгын ч хувьд тэр. Залуу насны халуун сэдэл байж үү дээ. Хүн залуу насаа залуу цагтаа хайрлахгүй, сүүлд л эргэж бодохдоо хайрлах юм даа. 


-Санаандгүй л "шинэчлэлийн салхи" болчихлоо. Эхэн үедээ ийм титэм зүүхээр тувт шинэчлэх үүрэгтэй мэт болоод дараа дараагийн номоо гаргахад хэцүү байсан уу?


-Үнэхээр шинэчлэе гэж зориод, түүндээ хүрлээ гэж бодсон улсын хувьд хэцүү байж магад. Гэтэл бид анхнаасаа гавьяа байгуулж мандуулах гээгүй, санамсаргүйгээс үүдсэн бүлгэм тул тийм хүлээст ороогүй. Би бол өөртөө цензур тавьдаггүй, бүтээлээ бусадтай ч харьцуулдаггүй. Бичсэн зүйл минь өөрийн санаанд нийцвэл л гаргана. Тэрнээс биш судлаач магтвал хөөрөөд, муулбал гутраад байхгүй л дээ. 


-“Зүс бүгэг андууд” ч гэлтгүй, ер нь танай үеийнхний хийсэн шинэчлэл Монголын өнөөдөрт ямар эерэг зүйл бий болгосон юм? 


-Өнөөдрийн танай үеийнхний бичээд буй шүлгүүд л үр дүн нь юм биш үү?. "Зүс бүгэг андууд" гарах үед Б.Галсансүх, Г.Аюурзана хоёр оюутан, Л.Өлзийтөгс болон “Хүрээ хөвгүүд”-ийнхэн дунд сургуулийн сурагчид байсан гэх мэтээр ярьвал бид эхэн үеийнхэн л байж. Гэхдээ "Зүс бүгэг андууд" гараагүй байсан ч тэд бичиж л таарна. Тохиол л тэгж таарсан хэрэг.


-“Зүс бүгэг андууд” байсан учраас л... гэж хэлэх хэрэгтэй биш үү?


-“Цаг үе бүхэн суутнаа төрүүлдэг” гэж үг байдаг шүү дээ. Цаг үе, хувь хүн хоёр нягт шүтэлцээтэй. “Зүс бүгэг андууд” хэвлэгдсэн тухайд гэвэл одоо 2021 оноос харахад “тохиол” мэт боловч 1990 оны тэр үед нь харах юм бол тухайн үед цагийн салхи эргэсэн ч гэсэн тийм амар, хялбар байсан гэсэн үг бас биш л дээ. Хэвлэгдсэний дараа ч багагүй эсэргүүцэлтэй тулсан шүү. Тэрбайтугай, “Монголд модернизм бий юу?” гэсэн сэдвээр маргаан ч дэгдэж байлаа. Тэгэхээр “бид байсан учраас” гэж хэлсэн ч бас болно. Ингэхэд чи судлаачдын дүгнэх зүйлийг л надаас асуугаад байх юм? (инээв.)


-1990-ээд онд тийм байж. 2020-иод онд ахиад тэр үеийн дайны шинэчлэл хэрэгтэй юу? 


-Хэрэгтэй байлгүй яах вэ. Гэвч энэ цаг үе өөрөө уран бүтээлч төрүүлэх хөрстэй нийгэм ер биш. Товч хэлэхэд нийгмээрээ мухардалд ороод байна. Ядарч туйлдсан гэхээсээ илүү оюун санааны хувьд доройтоод байна. Итгэл үнэмшил гэж алга. Өөдрөг тэмүүлэл ч бас алга. Чаддаг юм гэвэл шүүмжлэх, буруушаах, тийм аяс хандлагыг олноороо түрэн дагах л болоод байх шиг. Тийм мухардал шүлэгт ч анзаарагдах боллоо. Би гуниглаж байна, би уйлмаар байна, навчис унаж байна, яасан хэцүү юм, болжмор жиргэж байна, яасан сайхан юм... гэхээс ер халихгүй байна. Гэхдээ ийм нийгмийг цочроох, сайн сайханд уриалан дуудах эрх нь ч, үүрэг нь ч та нарт бий. Чадах уу, үгүй юу нь та нарын өмнө буй асуулт. 


-Яахыг цочроолоо гэх вэ? 


-Тэрнийгээ хүртэл та нар өөрсдөө бодох ёстой. Ямар ч атугай цус асгаруулж хувьсгал хийдэг үе хэдийнэ өнгөрсөн. Яавал энэ үеийнхний оюун санааг дагуулах вэ гэдгээ өөрсдөө л бод! Надаас асуух юун?


-Ийм замбараагүй нийгэмд уриалсан, шинэчилсэн нэгнээ олж харах сөхөө байх уу? 


-Заавал анзаарна. Нөхцөл байдлаас үл хамаарч тэр хүмүүс өөрсдөө харагддаг. Дэлхийн, урлагийн, утга зохиолын аль ч түүхээс харахад нийгмийн сэтгэхүй хямарч, бүр доод цэгтээ хүрч, уналтын байдалдаа тулсан үед л дараагийн тэсрэлт болсон байдаг шүү дээ. 1990-ээд оныг сана л даа. Хуучин нийгэм нь нураад, нийтээрээ гутралд нэрвэгдэж, ядуурал, архидалт, гуйранчлал цөм цэцэглэсэн үед л өчнөөн яруу найрагчид төрөө биз дээ? Миний харахад цаашдаа Монголд ч гэлтгүй, дэлхийд хуучных шиг тэсрэлт, хувьсгалын оронд тэс өөр шинэчлэл бий болох байх. Нэгдүгээрт, дэлхий даяаршиж байна. Хоёрдугаарт, хүн төрөлхтний ухамсрын түвшин өндөр болж байна. Тэгэхээр үүнийгээ дагаад урлаг, тэр дотроо уран зохиолд хурц зөрчил гэхээсээ илүү тогтонги шинжтэй, гэгээрэл эгээрэл, байгаль руугаа тэмүүлсэн тийм л шинэчлэл хийгдэх болов уу. 


-Тийм төрлийн уран зохиол, тухайлбал шүлэг ямар байх уу?


-Тухайлбал, өнөөдрийн хүмүүс хиймэл оюун санааны эрин үе рүү явж буй тухай яриа байгаа шүү дээ. Үүнийг би үнэн гэж бодоод байна. Яагаад гэхээр одоогийн залуусын шүлгийн үг сонголт нь хүртэл надад нэг л хиймэл санагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд мэдрэмжийг худлаа үгээр илэрхийлэх боллоо. Хөмсгөө зангидаж байгаад худлаа ярьдаг хүүхэд байдаг даа. Бас мэдэхгүй юмаа таамгаар залдаг. Түүн шиг л амьд үг нэг ч байхгүй шахам шүлэг бичиж байна. Гэтэл тийм шүлэгтэй залуусыг хэт магтаж, эрт алаад байна. Уул нь муу хүн л магтаалд алуулдаг. Харин сайн хүн бол магтаал, муушаалын алинд ч ажрахгүй дээ. Жинхэнэ сайн шүлэг гэдэг магтсан, магтаагүй бичигдэх цагтаа бичигдээд, өөрийн үнэ цэнээ олж, цагийн уртад торойгоод л үлдэнэ. 1990 он гараад бараг л фронтын хэмжээний олон шүлэг бичдэг хүн гарсан. Дараа нь тэдний зарим нь бизнесмен болж, зарим нь дарга цэрэг, зарим нь өөр мэргэжил хөөгөөд алга болсон. Энэ бүгдээс үзэхэд ойрын 100 жилдээ одоо бичиж буй бүх найрагчдаас хоёроос гурав нь л яруу найрагч гэж нэрлүүлж үлдэх вий. Гэхдээ яруу найрагтай, утга зохиолтой холбогдсон хүн зөв хүн байдаг. Цаашдаа ч олонх нь зөв замаар явдаг. Тэгэхээр муу юм биш л дээ. Үүнийг би судлаач, шүүмжлэгчийн өнцгөөр биш, насаараа уншиж, цаас цоохорлосон хүний туршлагаар хэлж байгаа юм шүү. Тиймээс миний дээр хэлсэн шинэчлэлийн амь нь амьд үг, түүнээс үүдсэн сэтгэлийн дуулал л байж таарах болов уу.


-Тэгвэл ямар шүлэг торойж үлдээд байна?


-Үнэн сэтгэл. Үнэн сэтгэл хүн бүрт нийтлэг бий. Тэр сэтгэлийг ямар ч үгээр онож болно. Тэр үгийг л олж бичиж чадвал тэр нь яруу найраг болно. Гэхдээ би яруу найраг гэж юу вэ гэдэгт өдөр бүр өөр, өөр хариултууд хэлж бас чадна. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хариултууд. Тийм зөрчлөөс бас их өөр шүлгүүд төрж ч мэднэ. Учир нь яруу найрагт тодорхойлолт байхгүй. Жишээ нь би, яг ямар шүлэгт дуртайгаа одоо ч яг таг мэдэхгүй. Тэгэхээр яруу найрагч хүн гэдэг аливаад их олон талтай, уншигчийн хувьд ч бас тийм байх ёстой гэж боддог. Тэр хэрээр чиний дотоод орчин хувьсана. Бас тэлнэ. Тэр дундаас л өөрт ойр долгионоо олж барих байх. Яруу найргийн талаарх олон тодорхойлолтоос И.Кантын хэлсэн “Яруу найраг бол тогтмол хэмжигдэхүүн” гэж үг л үнэнд илүү дөхүү санагддаг. Яруу найргийг байсан, байгаа, байх болно гэсэн гурван цагт нь буюу өнө мөнхөөр илэрхийлсэн үг л дээ. Цаагуураа бол яруу найргаар дамжуулж ертөнцийн зүй тогтлыг хэлээд буй юм.


-Та нарын хувьд харьцангуй байгальд, бодит амьдралд ойр өссөн өгөгдөл бий. Та л гэхэд Хархираагийн уулс, Мухар Улиастайн аманд үлгэр домог сонсож өслөө. Бидний үеийнхэнд Улаанбаатараас өөр юм алга. Шүлэг нийтлэг болохоос аргагүй юм биш үү?


-Хаана ч, хэзээд онцгой зүйлүүд дүүрэн бий. Үүнийг олж харах л бичээчийн үүрэг. Ямар нэг гоц гойд зүйл хүлээгээд суувал хэзээ ч, юу ч бичиж чадахгүй. 


Түүний яруу найргийн талаарх өдөр бүр "өөр" байдаг бодлынх нь нэг нь БНСУ-ын Чанвон КС-ийн нэрэмжит Олон улсын утга зохиолын ХХYII фестивальд тавьсан илтгэл юм. Тэрээр "...Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний холбоосууд, эрин цагийн гайхамшигт үйл явдлууд, хүн байхын утга учир, эх байгалийн мөн чанар, зүрх сэтгэлийн хөг эгшиг, далд ухамсрын тайлагдашгүй нууцууд гээд ертөнцийн бүхий л юмс үзэгдлийн ил, далд шалтаг шалтгааныг тэмтрэн мэдэрч, дотоод чанадын билиг билгүүнийг нээх шид увдисаараа яруу найргийн ертөнц өөрөө аугаа юм. Энэ нь зүйрлэбэл тэнгэрийн дээрх тэнгэр, далайн гүн дэх далай билээ. Нууцын гүн дэх сансар, нүдэн доторх нүд билээ…" гэсэн юм. Ер нь шүлэг бичиж байх үедээ хүн яруу найргийн тухайд тодорхой боддоггүй л байх. 


СҮХБААТАРААС УЯНСҮХ


“...Нэгэн удаа тийн ярьж хонох үеэр Бадма: “Миний нэр бол гоё нэр. Бадамсамбуу. Харин Сүхбаатар гэхээр яруу найрагт нэг л онцгүй. Чи нууц нэр ав. Жишээ нь, Уян. Гарын үсэг таталгасан ч гоё.” гэв. Тухайн үед би түүний үгийг тоогоогүй боловч  дараа нь бодож байгаад Бадмагийн хэлсэн Уян дээр аав, ээжийн өгсөн Сүхийг залгах санаа төрж Уянсүх нэр бий болсон юм” хэмээн М.Уянсүх нэгтээ дурсан бичсэн нь бий. Хүний тавилан заримдаа нэртэйгээ ижил санагдах нь бий. Уян бас сүх. Зөөлөн бас хатуу. Шүлгүүд нь ч уянгын хийгээд өөр, өөр өнгө аяс. Зөвхөн цасны тухай шүлгээс бүрдэх “Орчлон дүүрэн цас бударч байна”, буддист эрэлхийлэл гэмээр “Намрын тунгалаг усны бичиглэл”, залуу нас нь тэр чигтээ уншигдаад байдаг “Яруу найрагч он цаг”...  гээд олон ном түүнд бий. Утга зохиол судлаач Я.Баяраа “...Түүний бүтээлийг уншихад уулсын салхи, түүнийг санахад уулсын хүн санаанд ордог. Өндөр дээрээс бүхнийг харчхаад, хүмүүсийн дунд бууж ирээд бичсэн юм шиг мэдрэгддэг...”  хэмээсэн юм.


-"Зохиол гэдэг туулсан амьдралын хэмжээ" гэж та хэлдэг. Таны туулсан амьдрал гэхээр?


-Амьдралд тохиож болох бүх юмны зах зухаас л үзсэн хүн дээ. Унаж босож, магтуулж муулуулж, зовлон жаргал, үхэл хагацал... гээд бүгдийг л үзлээ. Миний дурсамж гурван настай байсан тэр орчмоос л эхэлдэг. Багаасаа ид шид бүтээж, амьдралыг үлгэр мэт болгоод хүн бүрийг жаргаах сан гэж мөрөөддөг байв. Гэвч тэр мөрөөдөмтгий хүүхэд өдөр тутамд бэрхшээлтэй тулгарах хэрээр гуниглаж, гуниг нь гутралд хувирч, гутрал нь харин архи руу хөтлөв. Эцэст нь багынхаа үзэл рүү буцаж ер нь хүн өөдрөг байх нь зөв юм байна гэж бодох боллоо. Харыг туулж байж цаана нь байгаа цагааныг үзсэн хэрэг. Эргээд бодоход эхлээд амьдрал үзээтэх, дараа нь бичээтэх гэж хэн нэгэн үүрэг өгсөн мэт. Амьдрал гэж юу юм бэ? гэж эргэцүүлсээр зохиол ч бичив. Ер нь чи миний "Аварга мод"-ыг унш. Тэнд миний амьдрал бий. (инээв) 


Хэлснээр нь "Аварга мод" романыг уншив. Үнэндээ түүний яруу найргийн гурван номыг л уншсанаас өөрөөр түүнийг мэдэхгүй нөхөр анх уулзсан юм. Зохиол нь надад ярьснаас нь хол зөрөх юм алга. Гэвч мань хүн амьдралаа бичсэн юм болов уу, бичсэнээ амьдралаа гэж боддог юм болов уу? Хамгийн итгэж болох улсыг зохиолчид гэж бодох хэрнээ хамгийн итгэж чаддаггүй улс бол зохиолчид. 


-Амьдралыг туулаад үзтэл тэр нь яг юу байх юм?


-Гүн рүү нь харвал амьдралын үнэн бол зовлон. Үнэн нь тийм учраас хүн түүнтэй нүүр тулахаас айна. Хэцүү шүү дээ. Үхмээр ч санагдана. Гэвч үхэж чадахгүй. Давж гарсан хойноо түүнийгээ эргэцүүлж бичиж байх шив.  Хүн энэ үнэнээс айсандаа зовлонгийн нүдийг жаргалаар хуурдаг. Жаргал бол зохиомол зүйл. 


-Амьдрах сайхан уу?


-Сайхан. Амьдар гэж л төрүүлсэн биз дээ? Замдаа төөрч, будилж, тэгээд цаг бусаар үх, эсхүл амиа егүүтгэ гэж төрүүлээгүй. Харин ч амьдар, амьдралын үнэнг тань, тэгээд тэр үнэнг гэтэл гэж Бурхан багш хүртэл сургадаг биз дээ?


-Ганцаараа амьдарч буй тань уран бүтээлчийн хувьд сайнаар нөлөөлөв үү?


-Сайнаар нөлөөлсөндөө учир буй юм биш ээ. Угаасаа л би гэр бүлийн амьдралын хүн биш байж. Тэгсэн мөртлөө л эр нөхөр, өрх гэрийн тэргүүн, эцэг хүн байх ёстой гэсэн нийгмийн үүргийг өөртөө тулгасан юм. Тэгээд тэр үүргээ биелүүлэх гэж хичээсэн боловч ер чадсангүй. Миний мөрөөдөл бол их сургуульд оролгүйгээр нутагтаа уурын зуухны галч, эсвэл сайхан байгальтай газарт ойн сахиул хийгээд, нэг сайхан морь, хурдан буутай, хааяа ан ав хөөчихдөг, хэдэн малтай тийм л эгэл амьдрал байсан. Хэн ч биелүүлж болох тийм энгийн мөрөөдлөө би одоо болтол биелүүлж чадсангүй. Гэсэн ч мөрөөдсөн хэвээр. Хэзээ ч шүлэг бичнэ, зохиолч болно гэж бодож, зорьж явсангүй. Ээж маань намайг боловсролтой болгохыг хүслээ, ээжийгээ баярлуулах сан гэж дээд сургуульд орсон байх жишээтэй. Оюутан болоод байж байтал үеийн бүсгүйтэй танилцаад гэр бүл болчихлоо. Уурлах үедээ "Маргааш, нөгөөдөр сална даа" гэж бодно. Гэтэл он жилүүд урсаад л. Бичих хүсэл дотроос асаад байдаг, ахуйн дарамт дунд төвлөрч чаддаггүй, тэрэндээ бухимдахаараа ууна, уун уусаар бүр дампуурч буй юм. Амьдрал гэдэг согтох, шартах, шараа тайлах, согтох, шартах... гэсэн хэмнэлд орсон үе ч бий. Би 1988 оноос хойш бичиж эхэлсэн гэхэд гэр бүлийн амьдралтай байхдаа ердөө л нэг шүлгийн, нэг өгүүллэгийн гэсэн хоёрхон ном бичсэн байдаг. Эцэст нь Дарханд ээжийнхээ хажууд ирж хэвтээд тууштай бичих болсон юм даа. “Асагч сарны шүлгүүд”, "Хязгааргүйн дуулал", "Яруу найрагч он цаг"... гээд номууд маань ч гаргалаа. Тэгж бичсэн номоороо анхны "Алтан өд" шагналаа ч авлаа. Ер нь бүх номоо би Дарханд л бичсэн юм. Одоо ч бичиж байна. Зарим жил бүр хоёр ч ном гаргасан байдаг. Олон жилийн турш дотор минь хуримтлагдсан тэр бүх зүйл тэсэрч гарсан хэрэг байж магад. Яваандаа архинаас ч гарлаа. Өөртөө итгэлтэй бичиж эхэлсэн учраас архинаас холдож чадсан ч байхаа ер магад. 


Зохиолч болъё гэж шийдээд амьдралыг зорьж үзнэ гэж байх уу? 


Зохиолч хүн чадах хэрээрээ амьдрал үзэх ёстой. Гэвч үзсэн хэрээр зохиолч болчихгүй, болохгүй гээд бас больчихгүй. Яаж ч зугтаагаад гүйцэгдэнэ. Жишээ нь, би "Аварга мод"-ыг бараг 30 орчим жил бодож байж бичжээ. Гэтэл роман бичих тухай ер төсөөлж байсангүй. Чадна ч гэж өөртөө итгэж явсангүй. (Ч.Б: Энэ түүхийн үргэлжлэл түүний өөр ярилцлагуудад бий тул орхиё.)


-Туулсан амьдралаа бичдэг юм бол таны зохиолын аль хэсэг нь үнэн, аль хэсэг нь худал юм?


-Зовлон нь үнэн. Жаргал гэдэг худал байдаг учраас ямар ч жаргалыг бичээд худал. Хүн үзээгүй, мэдээгүй юмаа бичиж чаддаггүй. Олон жилийн өмнө би зохиол бичнэ гэхээр бүгдийг зохиох тухай гэж ойлгодог байв. Хүчээр зохиогоод, мэдэхгүй зүйлээ бичиж болох ч тэр нь амьгүй болно. Уншигч үүнийг шууд л мэдэрнэ. Тухайн зохиолч нь үнэнг бичсэн үү, худлыг бичсэн үү гэдгийг уншигч мэдэрдэг. Яагаад зарим зохиол хичнээн гоё ч чамд орж өгөхгүй байдгийн шалтгаан тэр. Гэхдээ амьдралаа бичнэ гэхээр намтраа бичдэг юм биш. Үзсэн, туулсан, сонссон, харсан дээрээ дөрөөлж, түүнийгээ эргэцүүлж, уран сайхны хувьд зохиомжилно. Лам нар тарни гэдгийг амилсан үг гэж үздэг. Өөрөөр хэлбэл бодож бясалгасаар байгаад жирийн үгэнд амь оруулж байна гэсэн үг. Түүн шиг үзэж, туулснаа дотоод их эргэцүүллийн хүчээр амь оруулж байж зохиол болгоно.


-Бичигдэх үедээ ямаршуухан ая дантай байх вэ? 


-Андаш байхгүй. Өөрөө өөртөө уур хүрээд, хажуудаа нохой ч ойртуулахгүй. Хоол идэх байтугай тамхи татах ч дур хүрэхгүй. Өдөржин, шөнөжин унтаад л байна. Тэгж байгаад нэг л өдөр суугаад бичиж эхэлнэ дээ. Биччихээрээ ихээхэн сайхан зантай болно, инээгээд л, хүн бүхэн рүү утасдаад л. Тэгж байтал эргээд л уур хүрээд эхэлнэ. Ийм хүн чинь яаж авгайтай амьдарч чадах вэ дээ. (инээв). Манай нагац өвөө "Номтой хүн 40 гараад харлаг болно" гэдэг байлаа. Харлаг гэдэг нь баруун зүгийн хэллэгээр номтой, бас хагас даяанч маягийн хүнийг хэлдэг. Би одоо бараг тэр нь болж буй бололтой. 


-Нас 50 гарчихлаа. Одоо ч шүлэг бичиж л байна. Шүлгийг залуу насны л хаялга гэдэг сэн? 


-Идэх хоол, татах тамхи, өмсөх хувцас, унтах ор байхад л болчихно гэж боддог хүн шүлэг бичих хэрэг үгүй. Гэтэл би түүнээс арай илүү, арай өөр зүйл хүсээд байгаа юм. Түүнийгээ бичиж илэрхийлдэг өвчтэй л хүн. Хүн өдрийн тэмдэглэл бичдэг дээ. Түүн шиг би өөрийн гэсэн өдрүүдээ шүлгээрээ илэрхийлдэг ч байж мэднэ. Нөгөөтээгүүр яруу найрагчийн өгөгдөл төрөлхийнх бол дуусахгүй. Боловсролоор бичиж буй бол яваандаа таг зогсдог гэлцдэг. Гэхдээ би үүний аль нэг нь байя гэж хүсээд, зориод буй юм ч алга. Цаанаасаа л бичигдээд байгаа юм.


-Яг юу хүсээд буйгаа тухайлж мэдэх юм уу?


-Өө яахав, хааяа баримжаална аа. Яаж хүмүүсийг сайн сайханд хүргэх вэ гэсэн хүсэл, амьдрал гэж юу юм, би яах гэж амьдраад байна вэ гэх эргэцүүлэл дотор л амьдарч буйгаа мэдэрдэг юм. Гэхдээ миний бодлоор бол сайн сайханд хүрнэ гэдэг нь үндсэндээ Бурхан багшийн сургаалийг таньсан байхыг л хэлнэ. (инээв) Хэдэн мянган жилийн өмнөөс л Бурхан багш бидэнд номлож байна. Гэтэл бид түүнийг нь олигтой дагаж ч чадахгүй юм. Орчлон хорвоо өөрөө мөнх бус зовлонгоос бүтсэн болохоороо төөрөгдөл нь их. Тиймээс дагах нь ч бас хэцүү байх л даа.


-Туйлдах юм уу? 


-Туйлдана аа. Өдөр бүхэн туйлдана. Цаг, хором тутамд туйлдана. Гэтэл чухам яг тэр туйлдлаас л шүлэг, роман гардаг биз. 


Ахиад л зовлон. Дахиад л зовлон. Зохиолчидтой ярьж буй бол гуниг хийгээд зовлон руу сэдэв хальтрахгүй байхын аргагүй. Түүнээс "Жаргалтай айл гэр бүхэн цөм адил төс атал жаргалгүй айл гэр бүр өөр өөрийнхөөрөө зовлонгоо эдлэх бүлгээ." хэмээх Лев Толстойн алдарт эшлэлийг "Үнэн үү?" хэмээн асууваас "Худал. Жаргал цөм адил. Зовлон л маш тодорхой." хэмээв. Гэвч тэрхүү ижилхэн зовлонгийн талаар үе үеийн зохиолч, яруу  найрагчид, М.Уянсүх ч хичнээн олон янзаар өгүүлнэ вэ?. Анхнаасаа  ийм олон үг бололгүй ердөө түүний дараах шүлгийг уншвал болох байсан мэт.  

...Наашаа суу дулаац! Галын илч ийм байдаг

Намрын тухай аяархан ярь! Бидний зовлон адил байдаг

Тэнгэрийн зам өгсдөг тухай, түүнийг бид дагадаг тухай

Тэнүүлчийн хэлдэг үлгэр шиг тийм сайхан нь хаана ч үгүй…

... Залбир!... Залбираад л үз, 

(.......Жаргал хэзээд хуурмаг тул

Замбуутив, гадаад далай, үлгэр домгийг

(.......залбиран урьж, тэдэндээ мөргө!

Тэд бол чиний байгааг 

гэрчилж буй аугаа бүтээгчид...

нартаас чамайг одох цагт шарил дээр чинь

наранд ургах цэцэгё дэлгэрч, тэнгэр түүнийг ивээнэ...  

ХҮН БАЙХАД СУРАЛЦАХУЙ 


Хэн ч намайг цочоохгүй тийм аглагт суугаад

Хэн нэгний тухай мянган шүлэг бичих сэн. 

Хэн байх нь хамаагүй. Миний шүлгийг уншаад

Хэн нэгэнд хэлэх ганцхан үгээ олоосой!...  

гэх юм уу,

 

...Хамгийн сайхан бүхнийг он цагаас булааж 

Халгиа залуу насны цалгиа шүлгээ бичнэ. 

Тэнгэрийн хэлээр бичсэн мянга, мянган шүлгийг минь

Тэнэг, цэцэн хамаагүй хэн ч ойлгоно. 

Яагаад гэвэл та бид цаг хугацаанд хамаарахгүй

Яруу найргийн төлөөх өнө мөнхийн аянчид аа!


Тэртээ 2007 онд тэр ийнхүү бичжээ. Бичсэн дагуугаа тийм аглагт суугаад магад мянган шүлэг бичиж буй. “Аварга мод” роман хийгээд өөрөөр нь амьдралыг нь яриулаад эргээд шүлгийг нь он цагийн дарааллаар уншсаны ард эрхгүй “Үг амьтай” гэх үг санагдана. Шүлэгтээ зөгнөснөөрөө ч амьдарч яваа мэт. Хувь амьдралаа зөгнөх онц сонин биш ч байж мэднэ.


Харин хүн төрөлхтний өнөө, маргаашийг зөгнөх, амьдралын үнэнг дуулах бүх найрагчдын мөнхийн тэмүүлэл юм болов уу?. Тэр үнэнээс бид юуг мэдрэхийн хамт сэхээрэх ёстой юм бол? 2018 онд Дэлхийн филисофийн 24 дүгээр чуулган болсон бөгөөд дэвсгэр сэдэв нь “Хүн байхад суралцахуй” (Learning to Be Human) байв. Филисофи ярьж буй бол уран зохиол ч хамт яригдах нь зүйн хэрэг биз, чуулганаар “Уран зохиолын философи”, “Платоны яруу найраг ба улс төр”, “Цаг хугацаа ба уран зохиол” гэхчлэн олон сэдэв дор уран зохиол хүн байхуйд хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцсэн юм. Хурлын нэгэн илтгэгч “Транс, пост гуманист энэ эринд хүн ба технологи хоорондын зай улам бүр ойртлоо. Хүн технологиос хэт хамаарч, цаашдаа ердөө л технологийн хэрэгсэл ч болж мэднэ. Энэ нь нэг талаар Ницшегийн  уламжлалт үнэт зүйлсийн нуралтын эрин үед хүмүүс амьдралын утга учрыг хэрхэн ойлгох вэ? гэх асуулт руу хөтөлнө” хэмээжихүй. Тэгвэл магад зохиолч М.Уянсүхийн хэлсэнчлэн “...илүү тогтонги шинжтэй, гэгээрэл эгээрэл, байгаль руугаа тэмүүлж”  л энэ эринд хүн төрөлхтөн хүнээрээ үлдэх учиртай юм болов уу. 


ҮЛГЭР ЖАРГАВ УУ ГЭТЭЛ...


Яг үнэндээ энэ бичвэрийг хэрхэн төгсгөхөө  мэдэхгүй сууна. Лавтайяа гурван ч янзаар төгсгөчхөөд буцаан устгав. Ийм ярилцагч гэж байх уу даа, гэхдээ нэгэнт үнэнээ хүлээснийх бүүр шуудрая!. “Зүс бүгэг андууд” гэх бүлгэм Монголын уран зохиолд хэрхэн нөлөөлснийг судалгааны хэд хэдэн өгүүлэл, түүнээс арай олон ярилцлага, тэдгээрийг нийлүүлснээс хэд дахин арвин ам дамжсан ярианаас эчнээ мэднэ. Гэвч үлгэр домог мэт ярьцгаадаг өнөө шинэчлэлийг нь, за даа, бүүр томоороо бол ардчилсан хувьсгалыг ч огтоос мэдэрдэггүй байлаа. Учир нь бичиг үсэгт тайлагдах цагаас л тэдний үеийнхэн зурагт, сонингоор гарч л байдаг, шүлэг нь байнга л хэвлэгддэг байлаа. Хоёр нийгмийн заагийг мэдэх хүмүүст сэтгэх, туурвих, түгээх  эрх чөлөө гээчийн үр дүн ийм олдоцтой нь “шинэ хэвийн” зүйл байсан биз. Бидэнд бол “хэв хэвийн”байлаа. “Зүс бүгэг андууд” тэргүүтэй уран зохиолын 1990-ээд оныхны түүчээлсэн олон эшт үзлийн эрх чөлөөт салхин дор бид тамхи татаж, бохь зажилж, шүлсээ хаянгаа шүлэг ярьцгааж өссөн юм. Тиймээс хэдий цөмийг нь мэддэг, ихэнхийнх нь шүлэг, зохиолд үнэнхүү дуртай ч гэлээ “шинэчлэл” гэдэг агуулгыг нь мэдэрч ер өгдөггүй байлаа. Яваа яваандаа юмсыг өчигдөр-өнөөдөр-маргааш хэмээх гурван цагт нь, тухайн цагийнх нь улс төр, уран зохиол, юутай хээтэй  нь хам утгаар нь харьцуулж дүгнэж сураад л уншигчийн хувиар чинхүү сэтгэлээр хүндлэх болсон юм.  


Энэ ярилцлагыг хийх явцад бидэнтэй хамт түүний нөхөд болох Увсын уугуул, Дарханы суугуул М.Ууганбаяр, Б.Баясгалан нар хамт байсан юм. Ярилцлагын завсар зуурт зохиолч М.Уянсүхийн авга ах нь "Монте Кристо гүн" зохиолыг түүнд ярьдаг асан талаар тэр дурдав. Тэрхүү Г.Банди хэмээх авга ах нь бэнсэн үлгэрч хүн агаад түүнийг зохиолч болоход гойд нөлөөлсөн аж. Харин түүнийг балчир байхад авгынх нь хүүрнэсэн “Монте Кристо” зохиолын төгсгөл нь ийм гэнэ. "Эдмон Дантес шоронгоос оргоод төрөлх хотдоо ирээд байхдаа хайрт бүсгүй Мерседесээ хайж явтал тэр нь нэг их сайхан офицертэй сугадалцаад тэнгисийн эргээр зугаалж явжээ. Түүнийг харсан Дантес тэдэн рүү сэм дөхөж очоод “Мерседес!”... хэмээн аяархан дуудсанд хайрт бүсгүй нь эргэж хараад, үнэн хайраар хүлээнэ гэж андгай өгсөн хайрт хүнээсээ ичсэндээ үг сүггүй тэнгис рүү гүйж очоод живж үхэж гэнэ". Тэгэхээр нь би хэрэгт дурлан тэднээс та нар энэ зохиолыг хүүхдэдээ ярьж өгөхдөө яаж төгсгөх вэ? гэвэл М.Ууганбаяр нь "Дантесийг мөнгөтэй байлгаж үзүүлсэн юм чинь эцэст нь хамаг хөрөнгийг нь баруулаад аялагч-даяанч болгоод дуусгана" гэв. Харин М.Уянсүх "Мерседестэй нь буцаан суулгаж, гүн цолыг нь баталгаажуулж өгөөд, ер нь сайн сайхан амьдруулахын тулд бүх талаар нь дэмжинэ дээ." гэснээр бид бүгдээр инээлдсэн юм. Тэдний хариуг сонссон би “Тэгэхээр чинь өнөөх боол хүүхэн нь жаргахгүй шүү дээ” хэмээн адгалаа. Гэвч бүх хүн жаргадаг амьдрал үгүйгээс хойш тийм төгсгөл хэр үнэн юм бол доо! Харин та байсан бол яаж төгсгөх байсан бэ? Ганц удаа зохиолч болж мөрөөдье л дөө. 


Төгсгөлийн оронд саявтархан зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг “Дэргэд нь суухад нь гар утасны цэнэг шууд дүүрчихдэг хүн байдаг гэвэл хэн ч итгэхгүй дээ. Яагаад гэвэл одоохондоо тийм хачин жигтэй хүн алга. Харин номнуудыг нь уншихаар сэтгэлийн цэнэг аяндаа дүүрчихдэг зохиолчид бий. Тэгвэл тийм увдислаг цахилгаан цэнэг Мулцангийн Уянсүхийн ном бүхнээс цацарч байдаг. Түүнийг уншсан хүн бүхэн үүнтэй санал нийлнэ. М.Уянсүхийн зохиолуудын цахилгаан соронзон орон дотор орохоор нэг хэсэгтээ л өөрийгөө чамлах, өрөөлийг хайрлах 1001 үдшийн үлгэр эхэлдэг.” хэмээснийг эшлэн энэхүү ярилцлагаа жаргаая.  Өө байзаарай, ахин нэг шүлгийг нь дайя. 


Эгшиг дуугаргагч хүн

Сарны саруулд сууж

Өт хорхойг өрөвдөнө

Эгнэгт сарыг магтагч

Хөөрхий миний сүүдэр

Дуун гарах ч сөхөөгүй,

Сөнөсөн тэнгис цалгих

Тийм л нам гүм рүү бид

Өнөд яарах гэж үү дээ?

Тэнэсэн явдалт намайг

Өт хорхой мэт өрөвдөх

Авралт ертөнц сураггүй,

Чамайг уйлсаар байхад

Эгшиг дуугаргагч тэр хүн

Яагаад үл анзаарнам бэ?

Миний хөөрхий сүүдрийг

Сарны гэрэлд тодруулан

Эртний гуниг л сэвэлзмой!


Ярилцсан: Чимэдцэрэнгийн Бат-Уянга

Гэрэл зураг: Даваадоржийн Төмөрхуяг 

Холбоотой мэдээ