Умард Солонгосын 2 компанид хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-01 13:57:40

ВАШИНГТОН. /Yonhap/. Пуужингийн технологи дэлгэрүүлэх ажиллагаанд оролцсон гэх шалтгаанаар АНУ Умард Солонгосын хоёр компанид хориг арга хэмжээ авчээ.

Умард Солонгосын Уул уурхай, хөгжлийн корпораци болон “Hesong” худалдааны корпораци пуужингийн технологи дэлгэрүүлэх хууль бус үйл ажиллагаанд оролцсон болохыг АНУ-ын Засгийн газар есдүгээр 11-нд илрүүлсэн гэж Төрийн департамент есдүгээр сарын 24-ний Холбооны улсын бүртгэлийн мэдэгдэлдээ дурджээ.

Уг хууль бус үйл ажиллагаатай холбоотой нарийн мэдээллийг дээрх бүртгэлд дурдаагүй байна.

Хориг арга хэмжээг хоёр жилийн хугацаатай авсан бөгөөд хориглосон барааг Умард Солонгосын компаниуд руу шилжүүлэх болон тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлохыг хоригложээ.

Пуужингийн төхөөрөмж үйлдвэрлэх эсвэл бүтээх, цахилгаан барааны үйлдвэрлэлд нөлөөлөх, сансрын систем эсвэл төхөөрөмж, цэргийн зориулалттай нисэх онгоц бүтээх зэрэгтэй холбоотой Умард Солонгосын Засгийн газрын бүх үйл ажиллагаанд мөн адил хориг арга хэмжээ авах болно гэж мэдэгдэлд дурджээ.

Умард Солонгосын Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулан тус улс 10 дугаар сарын 10-нд алсын тусгалтай пуужин туршиж магадгүй байгаатай холбогдуулан энэ хориг арга хэмжээг авчээ.

Алсын тусгалтай пуужин туршихыг НҮБ-ын тогтоолоор хориглосон байдаг. Учир нь үүнийг Умард Солонгос тив хоорондын баллистик пуужин боловсруулахад ашиглах боломжтой юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд