“Greenpeace” ойрын зайн нислэгээ бууруулахыг Европт уриалжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-10-28 13:43:21

АМСТЕРДАМ. /AP/. Байгаль орчин хамгааллын “Greenpeace” байгууллага хорт хийн ялгарлыг бууруулахын тулд ойрын зайд аялахдаа галт тэргээр зорчихыг европчуудад уриалжээ.


Greenpeace”-ийн судалгаагаар Европт хийгдэж буй ойрын зайн нислэгүүдийн гурав нэгээс илүү хувийг нь галт тэргээр зорчих боломжтойг тогтоосон байна. Тодруулбал, хамгийн их ачаалалтай байдаг 150 нислэгийн 34 хувийг галт тэргээр зургаан цаг хүрэхгүй хугацаанд туулах боломжтой байна.


Судалгаанд дурдсанаар, Мадрид-Барселон, Франкфурт-Берлин, Брюссель-Амстердамын чиглэлд галт тэргээр 2-4 цагийн хугацаанд зорчих боломжтой бөгөөд ойрын зайн нислэгүүд нь галт тэрэгнээс 12 дахин их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна.


“Европ ойрын зайн хамгийн их ачаалалтай 250 нислэгийг галт тэрэгний хөдөлгөөнөөр орлуулбал жилд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 23.4 сая тонноор буюу Хорватын жилд ялгаруулдагтай тэнцэх хэмжээгээр бууруулах боломжтой” гэж “Greenpeace” мэдээлжээ. 

Холбоотой мэдээ