Монгол, Австри орны хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-10-28 12:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон М.Цэнгэгийг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцаж ШУА-ийн ерөнхийлөгч  Бүгд Найрамдах Австри улсын ШУАМонгол Улсын ШУА хоорондын хамтын ажиллагааны талаар Элчин сайдад мэдээлэл өгөв.  

Тодруулбал, хоёр орны  шинжлэх ухааны академи 2000 онд эрдэмтэн солилцооны асуудлаар гэрээг үзэглэж хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар Австрийн их дээд сургуулиудын холбоо буюу  UNINET Европ, Ази Номхон далайн орнуудын холбооны байгууллага /UNINET-EPU/ нь өөрийн гишүүн байгууллагынхаа судлаачдыг докторын болон докторын дараах хөтөлбөрт тэтгэлэг олгодог байгууллага юм. Уг тэтгэлэгт манай ШУА-ийн судлаачид хамрагдаж 2004 оноос хойш урт болон богино хугацааны сургалтанд жил бүр дунджаар 5 судлаач суралцдаг байна.

Мөн Австрийн Шинжлэх ухааны академийн дэргэд дуу бичлэгийг  өндөр түвшинд сэргээдэг студи байдаг бөгөөд тухайн студид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж буй үлгэр тууль, ардын дуу, уртын дуу гэх мэт үнэт ховор зүйлсийг сэргээх тухай өмнө нь ярилцаж  байсан. Харамсалтай нь тухайн үед санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйн улмаас энэ ажил орхигдсон. Төр засгаас шинжлэх ухааны салбарыг дэмжиж байгаа энэ цаг үед дээрх ажлыг судалж, ховор үнэт зүйлүүдийг сэргээж авбал Монгол Улсад их хэрэгтэй ажил болно. Эдгээр асуудлууд дээр анхаарч ажиллахыг Элчин сайдаас ШУА-ийн ерөнхийлөгч хүслээ. 


Элчин сайд М.Цэнгэгийн хувьд дээрх асуудлуудаас гадна Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын төв байгууллагаас Монгол Улсад байршуулсан хяналтын станциудын тухай мэдээллийг сонирхож энэ талын үйл ажиллагааг улам бүр бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.  


Сонирхуулахад, Монгол Улс 1997 онд  Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд нэгдэн орсон. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын байгууллагын төв нь Австри улсын Вена хотод байдаг. Тус байгууллагаас дэлхийн олон улс оронд хяналтын станц байршуулдаг бөгөөд манай улсад байршуулсан станцын үйл ажиллагааг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн хангаж ажилладаг юм. 

Холбоотой мэдээ