Байгууллагууд "Эх, хүүхдийн өрөө"-тэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-27 20:20:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Ажлын байранд хүүхэд хөхүүлэх, живх солих өрөө бий болгох” аяныг Баянхонгор аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд өрнүүлжээ.

Аяныг энэ сарын 5-27-ны хугацаанд зарласан бөгөөд оролцсон байгууллагуудын тайланг үндэслэн шилдгүүдийг шалгаруулсан байна. 15 үзүүлэлтийн дагуу нийт 75 оноо авахаас Татварын хэлтэс 69 оноо авч нэгдүгээр байр, Баянлиг сумын Хүүхдийн цэцэрлэг 68 оноо авч хоёрдугаао байр, Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлэг  66 оноо авч гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Аяныг зохион байгуулснаар байгууллагууд нялх, бага насны хүүхэдтэй албан хаагчдаа ажил дээрээ хүүхдээ хөхүүлэх, живхийг нь солих, саасан хөхнийхөө сүүг хадгалах боломжоор хангаж байгаа аж. Ингэснээр эхийн сүүгээр хооллолтыг дэмжиж, эх, хүүхдэд ээлтэй орчныг бий болгож байгаа юм.

Аяныг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ. Аянд амжилттай оролцсон байгуулууллагуудын шагналыг ирэх сард гардуулахаар болсон байна. 

Холбоотой мэдээ