Японы гүнж Мако гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-26 12:15:18

ТОКИО. /TASS/. Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн охин, гүнж Мако их сургуулийнхаа нэг ангийн залуу болох Кей Комүротой өнөөдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Тэд гэрлэлтээ Шибуя дүүргийн захиргаанд батлуулсан байна.


Гэхдээ “NHK” телевизийн мэдээлж буйгаар, шинээр гэрлэсэн хос хуримын ёслолд оролцоогүй бөгөөд шаардлагатай бүх бичиг баримтыг эзэн хааны ордны захиргааны төлөөлөгч авчирчээ.


Шинэхэн гэрлэсэн хос үдээс хойш хэвлэлийнхэнтэй уулзахаар төлөвлөж байгаа ч ердийн хэвлэлийн бага хурлаас ондоо нь тэд сэтгүүлчдийн өмнө үг хэлнэ. Түүнчлэн сэтгүүлчид урьдчилан сонгосон таван асуултад бичгээр хариулт авах бөгөөд арга хэмжээний үеэр шинээр гэрлэсэн хосод нэмж асуулт тавихыг хориглосон байна. Шинээр гэрлэсэн хосыг дахин хямралд автахаас хамгаалахын тулд хэвлэлийн бага хурлын ийм хэлбэрийг сонгожээ.


Мако саяхан нийгмээс ирж буй дарамт, хуримын нөхцөл байдлын улмаас сэтгэлийн гүн хямралд орж, эмчилгээ хийлгэсэн байна.


Гүнж Мако, сүйт залуу Комүро нар 2018 оны 11 дүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Хэдийгээр үүний шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй ч хуримыг хойшлуулах бодит шалтгаан нь сүйт залуугийн ээж болон түүний хуучин найз залуу хоёрын хооронд үүссэн санхүүгийн маргаан гэж хэвлэлүүд бичиж байсан бөгөөд энэ нь өнөө хэр хэвлэлүүдээр шуугиан тарьдаг асуудлыг нэг юм. Комүрогийн ээжийн хуучин найз залуу нь хүүгийнх нь сургалтын төлбөрт зарцуулсан 4 сая иенийг (35 мянга орчим ам.доллар) буцааж өгөхийг шаардаж байгаа аж. Санхүүгийн энэ маргаан одоог хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд залуусын сэтгэл санаад сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Шинээр гэрлэсэн хос одоо Токиод түрээсийн байранд хэсэг хугацаанд амьдрах гэнэ. Дараа нь тэд Комүрогийн ажилладаг компани байрладаг Нью-Йорк руу нүүхээр төлөвлөж байгаа аж. Мако бас тэнд тохирох ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Японы хэвлэлүүд хамгийн тохиромжтой газруудын нэгээр Америкийн байгалийн түүхийн музейг нэрлэжээ.


Мако гүнж бол угсаа залгамжлах хунтайж Акишиногийн ууган охин юм. Акишино мөн хоёр хүүхэдтэй бөгөөд гүнж Како, хунтайж Хишахито нар юм.


Мако Олон улсын христийн их сургуульд, мөн Их Британийн Лестерийн их сургуулийн магистрантурт суралцжээ. Гүнж дүрслэх урлаг, утга зохиолд дуртай гэдгээрээ үргэлж ялгарч ирсэн юм. Тухайлбал, тэрээр суралцах хугацаандаа  Мэйжигийн сэргээн босголтын эрин үеийн ихэнх зураг яагаад Японы домог зүйд зориулагдсан бэ гэдэг сэдвээр судалгааны ажил хийж байжээ. Мако мөн Токиогийн их сургуулийн нэгэн музейд судлаачаар ажиллаж байв.


Гүнж Мако, Комүро нар 2012 онд Олон улсын христийн их сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро нь гүнжид гэрлэх санал тавьсан байна. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг. Тиймээс Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн гишүүдийн тоо 18 болох юм. Эзэн хааны гэр бүлийн гишүүдээс зургаан гүнж гэрлээгүй үлдэж байгаа юм. Японы хаан угсааны гишүүдийн тоо ийнхүү цөөрч буй асуудал хурцаар тавигдаж эхэлжээ. Шинжээчдийн тусгай зөвлөл хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулсан байна.


1989-2019 онд төр барьж байсан Японы 125 дахь эзэн хаан Акихито, Мичико нарын ганц охин Саяако гүнж жирийн залуутай гэрлэсэн ийм тохиолдол 2005 онд Японы эзэн хааны гэр бүлд гарч байжээ. Тэрбээр Ёшики Күрода гэгч энгийн залуутай гэрлэсэн учир гүнж байхаа больж, эзэн хааны гэр бүлийг орхин явж буйтай холбогдуулан улсаас олгох 150 сая иенийн "тэтгэмж" авсан байна.


Кэй Комүро нь Мако гүнжээс гурван долоо хоногоор ах ажээ. Комуро Хитоцүбаши их сургуульд нэмэлт боловсрол эзэмшсэн бөгөөд Токио хотын төвд хуулийн компанид ажиллаж байжээ.


2018 онд ээжийнхээ хуучин найзын мөнгөтэй холбоотой дуулианы дараа Комүро АНУ руу явжээ. Тэнд тэрбээр мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, дараа нь “Lowenstein Sandler” компанид ажилд орсон байна.


Холбоотой мэдээ